Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны усны нөөцөд тулгарч буй дарамт нэмэгдэж, цаашдаа усны хэрэглээ болон хэрэгцээ хооронд улам их зөрүү бий болох хандлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан агаарын хэм нэмэгдэж, мөсөн голын хэмжээ багасан голын урсцад нөлөөлөхөөс гадна усны ууршилт болон хөрсний хуурайшилтыг нэмэгдүүлэх нөлөөтэй. Улсын хэмжээнд орох хур тунадасны хэмжээ ерөнхийдөө нэмэгдэх хандлагатай байгаа ч бүс нутгийн болон цаг улирлын хувьд усны хүрэлцээ, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ хоорондын зөрүү, хур тунадасны хэлбэлзэл ихсэх төлөвтэй байна. Монгол орны усны нийт хэрэглээнд хөдөө аж ахуйн салбар хамгийн өндөр хувийг эзэлдэг. Тухайлбал, усны нийт хэрэглээний 30 хувь газар тариалангийн усалгаанд, 24 хувь мал аж ахуйд зориулагддаг. Үүнээс гадна усны нийт хэрэглээний 13 хувийг уул уурхайн салбар, 18-22 хувийг ундны болон ахуйн хэрэглээ эзэлж байна.
Уур амьсгалын болон уур амьсгалын бус тодорхойгүй байдал нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд Монгол Улс эрсдэл, сөрөг үр дагавар багатай шийдлийг ашиглан усны нөөцийн аюулгүй байдлыг сайжруулах бүрэн боломжтой.
Нэгдүгээрт одоо ашиглагдаж буй газар тариалангийн усалгааны дэд бүтцийг сэргээн засварлах, эрэлт хэрэгцээг зохицуулах арга хэрэгслийг нэвтрүүлэх, мал услах цэгүүдийн тоог мал сүргийн тоо толгойн өсөлттэй нийцүүлэх, бэлчээрийн менежментэд малчдыг татан оролцуулах замаар хөдөө аж ахуйн салбарт ус ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай.
Хоёрдугаарт хот, суурин газрын аж үйлдвэрүүдэд цэвэршүүлсэн хаягдал усны хэрэглээг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт ус түгээх цэгүүдийг олшруулж, улмаар ахуйн хэрэглээний усны хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Уул уурхайн салбарын хувьд үйл ажиллагаанд цэвэршүүлсэн хаягдал усыг ашиглах, ус ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх замаар цэвэр усны нөөцөд үзүүлэх дарамтыг бууруулах нь эрсдэл бага шийдэл болно. Үнийн гажуудлыг бууруулах, цаашид бүрэн арилгаснаар энэхүү сөрөг үр дагавар багатай шийдлүүдийг авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Тэр дундаа, ус бохирдуулахад тавих системчилсэн хяналтыг сайжруулах замаар ус бохирдуулсны хураамж, төлбөр бүрдүүлэлтийг эрчимжүүлэх, системийг сайжруулахын тулд ус ашигласны төлбөрийг хэрхэн хурааж, дахин хуваарилж байгаа үйл явцад үнэлгээ дүгнэлт хийх нь нэн чухал юм.
Эх сурвалж: Дэлхийн банк Уур амьсгал ба хөгжил тайлан


