2020 онд улсын хэмжээнд зохион байгуулсан эвдэрсэн газрын тооллогын дүнгээр нийт 30.7 мянган га талбай эвдрэлд орсны 28.9 мянган га нь уул уурхайн ашиглалтын улмаас эвдрэлд орсныг тогтоосон байдаг. Үүний 8,000 га талбайг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай.
2024 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэл орсон нийт 12,117 га талбайд техникийн нөхөн сэргээлт 3,032 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ.
Тодруулбал 2018 онд түүхэндээ хамгийн их буюу 912 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байсан бол 2020 онд 1973 га, 2021 онд 2,123 га, 2022 онд 2,189 га, 2023 онд 3,488 га, 2024 онд 2,531 га талбайд тус тус техникийн нөхөн сэргээлт хийжээ.
Харин биологийн нөхөн сэргээлтийн хувьд 2020 онд 634 га, 2021 онд 679 га, 2022 онд 773 га, 2023 онд 463 га, 2024 онд 483 га талбайд тус тус биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.
Нөхөн сэргээлт хийснээр ойн сан, усан сан, биологийн олон янз байдал бүхий онцгой ач холбогдолтой бөгөөд цаашлаад газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх юм. Монгол Улсад техникийн нөхөн сэргээлт харьцангуй сайн боловч биологийн нөхөн сэргээлт уур амьсгал, ус, урт хугацааны хяналтын сул байдлаас шалтгаалан илүү хоцрогдолтой байна.
Цаашид биологийн нөхөн сэргээлтийг илүү эрчимжүүлж, хөрст газрыг “амилуулах” нь урт хугацааны хэрэгжилт боловч нэн яаралтай алхам юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарсан “Ногоон хөгжил” сэтгүүлээс



