“Эдийн засгийн чуулган-бүсийн хөгжил” форумын Төвийн бүсийн салбар хуралдаанаар “Бүсийн эдийн засгийн үзэл баримтлалд тус бүсэд хамрагдах Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын дэд бүтэц, боомт, логистик тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо болон ажиллах хүчний асуудлыг авч хэлэлцлээ. Сэлэнгэ, Төв аймгийн хувьд нийт үр тариа, хүнсний ногооны улсын хэмжээний нийлүүлэлтийн 70 гаруй хувийг хангадаг мал ахуйтай болон дэд бүтэц сайтай, уур амьсгал,зах зээл, газар нутгийн байршлалаараа ХАА-н үйлдвэрлэл явуулахад боломжтой бүс нутаг. Гэхдээ Эдийн засгийн яамнаас гаргасан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Дархан-Уул аймгийг “Шинжлэх ухааны ухаалаг төв”, Төв аймгийг “Бүтээлч төв”, Сэлэнгэ аймгийг “Хөдөө аж ахуйн төв” хэмээн стратеги зорилтод тусгасныг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор эрс шүүмжилсэн юм. Тэрээр Сэлэнгэ аймагт манай улсын нийт тариалангийн талбайн 60 хувьд тариалалт эрхэлж байна. Өнөөдөр бүс нутгийн хөгжлийг хэлэлцэж байгаа учраас дэд бүтэц хөгжүүлэх тухай ярих нь хоцрогдсон, харин хэрхэн хөгжлийн бүсчлэлүүдийн зам, ачаа, зорчигч тээврийг холбох вэ гэдэг асуудал чухлаар тавигдаж, худалдахгүй бол үйлдвэрлэх хэрэггүй гэдэг зарчмаар дэлхий дахинд “Худалдааны дайн” болж байна. Сэлэнгэ аймагт улсыг хойд урд хилийг холбосон шууд төмөр замтай Алтанбулагийн том боомт байна. ОХУ руу бараа бүтээгдэхүүн экспортод гаргах том боломж яагаад экспортын стратеги төв байж болохгүй гэж. Төв аймаг бол Хөшигтийн хөндийг даган хөгжих “Ачаа тээвэр логистик”, Дархан-Уул бол олон үйлдвэрүүдтэй хот байсан, хангайн бүсийн ойролцоох аймгуудаас малын түүхий эд цугларах боломжтой “Хүнд хөнгөн үйлдвэрийн төв” байж болно. Сонгуулийн тойрогт баригдсан улс төрийн аргаар хандаж эдийн засгийн хөгжлийн стратегийг оновчтой зөв тодорхойлж чадаагүй байна гэлээ. Түүнчлэн төвийн бүсийн гурван аймаг 280 000 орчим хүн амтай ч ажилгүйдэл харьцангуй өндөр түвшинд байна. Мөн Дархан-Уул аймагт Минж Плаза, Дарханы гэсэн хоёр нэхийн боловсруулах үйлдвэр ажиллаж байгаа ч махны чиглэлээр үржүүлж буй хонины арьс шаардлага хангахгүй гадаадаас нэг нэхийг 30 000 төгрөгөөр авч байгаа тул ноосны чиглэлийн “Орхон” үүлдрийг бий болгох, Тужийн нарс Сэлэнгэ мөрөн, байгаль түүхийн өв соёлт газруудыг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, сумуудад арьс,ноос боловсруулах, ээрэх, махны үйлдвэрүүдийг барих, мэргэшсэн ажилтнуудыг бэлдэх сургах, Сэлэнгэ, Дархан-Уул аймгууд бие даан хөгжиж байгаа ч төсөв, санхүүжилтийг төрөөс бодитоор шийдвэрлэх болон бүсчлэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэл хүний хөгжил, боловсон хүчин, эрүүл мэнд, боловсрол зэрэг асуудлуудаар санал солилцож салбар хуралдаанаас зөвлөмж биш, хэлэлцүүлэгт хөндсөн асуудлуудыг тусгасан Засгийн Газрын шийдвэр гарах ёстой гэж зарим оролцогчид санал дэвшүүлснийг дурьдах хэрэгтэй гэж үзлээ.