Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Сэлбэ гол амь тавихад ойрхон байна

Сэлбэ гол амь тавихад ойрхон байна

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
March 19, 2026
in Ногоон дэлхий
0

Дундарч байгаа Сэлбэ маань ундарч байсан нь саяхан. Сэлбийн голын хөвөөнд хүүхдүүд тоглож, сэвэлзүүр салхины намираанд хосууд болзож явсан. Яруу найрагч Ц.Чимиддоржийн хэлсэнчлэн эрт цагт “Чин ван Ханддоржийн илдээ хатаасан хатан ус, Чилгэр бөх баатрууд нь эргэж ирээд амссан ус” аа. Тэгвэл энэ гол өнөөдөр өндөр бетон ханаар хашуулж, хайрга чулуун дороос бүдэг бадаг “амьсгалж” байна.

Сэлбийн гол, Натур орчмын хэсэгт эргэн тойрон нүдэнд өртөх зүйлгүй эл хуль. Өндөр өндөр шахуу барилгууд зай завсар үгүй. Далангийн хажуу дахь авто замын түгжрэл, машины сигнал, жолоочдын уур бухимдал Сэлбийн голыг мартуулна. Голын хоёр захаар хэрэм цайз мэт төмөр бетон хана, ханан дундаа хөглөрч хийсэх хог хаягдал, дутуу орхисон барилгын материалын үлдэгдлүүд, ажил эхлэхээ хүлээж зогсоо барилгын компанийн том машинууд харагдана. Сэлбийн голын хөвөөнд хүүхэд тоглох нь бүү хэл үзэж, харах боломжийг нь ч бүрмөсөн “хашаалжээ”.   

You might also like

Ногоон бодлого

Ус бол дайны зэвсэг мөн “бай”

March 16, 2026
Ногоон бодлого

Ирээдүйн хотуудын тренд – Машингүй хот

March 15, 2026

Selbe

2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр. Зургийг Б.Тэргэл

Манай дарга нарын урин дулаанаас урьтаж урдаа барьдаг сэдэв нь Сэлбэ голын тохижилт болоод олон жилийн нүүр үзэж байна.

Бороо хур элбэгтэй жилүүдэд гол эргээ даван үерлэж, ойр хавийн айл өрхүүд, байшин барилгууд үерийн усанд автах магадлал өндөр байдаг. 

Сэлбэ гол дагуух бүтээн байгуулалтын төслүүд олон даргын гар дамжиж ирсэн түүхтэй. 2018 онд “Сэрүүн Сэлбэ” төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газартай 60 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийж, голын урсцыг нэмэгдүүлэх, ойр орчмыг нь тохижуулах зорилт дэвшүүлсэн. Гэвч 2022 онд Нийслэлийн ИТХ уг төслийг эгүүлэн татсан. Үүний дараахан 2023 онд “Сэлбэ сэргэлт” төсөл эхэлж, төслийн хүрээнд Сэлбэ, Дунд гол дагуу 21.6 км авто зам, 18 туслах гүүр, дөрвөн гүүрэн байгууламж, есөн нүхэн гарц, 43.2 км явган болон дугуйн зам, 68 нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай чиглэлийн сүлжээ байгуулах “мега төсөл” яригдаж байв. 

Удалгүй хотын дарга Х.Нямбаатар болж, үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор Сэлбэ гол дагуу 1.4 км урт үерийн хамгаалалтын түшиц ханыг барьж байгуулсан юм. Энэхүү хана нь 1.5 метрийн гүн суурьтай, 4–5 метр өндөр, төмөр бетон хийцтэй аж. Бетон хана барих барилгын ажлыг “Пристиж инженеринг”, “Билгүүн Монгол констракшн” компаниуд гүйцэтгэж байгаа бөгөөд нийт төсөвт өртөг нь 2024–2025 онд 20 тэрбум төгрөгт хүрчээ. Далангийн дараах тохижилтын ажлыг 2026 онд багтаж дуусгахаар төлөвлөж буй. https://www.youtube.com/shorts/4xcw6CIjI1E

2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр. Зургийг Б.Тэргэл

Түшиц ханыг ойр хавийн оршин суугчид үерийн эрсдэлээс л хамгаалж байвал өндөр хана байна уу, юу байх нь хамаа алга хэмээж байгаа ч мэргэжлийн хүрээнд маргаан дагуулсаар байна.

Архитекторуудын зүгээс Сэлбэ, Дунд гол дагуух далангийн шийдлийг шинжлэх ухаанч бус, мэргэжлийн зөвлөмж зөвлөгөө дутмаг хэмээн дүгнэж буй.

Налуу бүтэцтэй далан бус “бетонон хашаа барьсан” нь инженерийн шийдлийн алдаа байж болзошгүй юм. Шинжлэх ухаанч төдийгүй хотын өнгө үзэмж, гоо сайхны талаасаа ч төгс гэж хэлэхээргүй шийдэл. 

Улаанбаатар хотын төлөвлөлтгүй барилгажилт нийслэлийн багахаан ногоон бүсүүд рүү түрж буйн жишээ хамгийн ил тод харагддаг. Уг нь голыг боох биш, голдирлыг нь өргөтгөж, урсцыг нь нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн улс орнуудад хот доторх голын эргийг иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн талбай, хүрээлэн болгон хөгжүүлдэг. Гэтэл манайд дээрх боломжуудыг хязгаарлаад зогсохгүй зузаан бетон хана босгон хааж байгаа нь иргэдийн байгаль эхтэйгээ ойр байх эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. 

Оршин суугчид далан барих ажлын үеэр дуу чимээ их, тоосжилт өндөр, түүнчлэн далангийн хажууд хог хаягдал хуримтлагдаж, үнэр танар нэмэгдсэн нь эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буйг онцолж байна.

Сэлбэ голын эрэгт баригдсан бетон хана үерийн эрсдэлийг бууруулж байгаа ч иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй хэвээр. Далангийн ойролцоо сургууль, цэцэрлэг ихтэй ч явган хүний гарц, анхааруулах тэмдэг, аюулгүй байдлын хамгаалалтын шийдлүүд дутмаг. Түшиц ханын дагуу зөөлөн хамгаалалт зайлшгүй шаардлагатай бөгөөд бетон хануудаар дамжин хүүхдүүд тоглож байгаад унах эрсдэлтэйг ч иргэд анхааруулж байна. 

Байгалийн өгөгдмөл шинжийг өөрчилсөн үү? 

Нөгөөтээгүүр, голын эрэг дагуух өвс ургамлыг нь сугалж гарган чацаргана, хайлаас, улиас зэрэг мод сөөгийг далангийн ажлын явцад устгасан нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулжээ. Голын голдиролд нөлөөлдөг хэмээн эргийн дагуух өвс ургамлыг хядаж, хайрга чулуу асган, шороо овоолж буй нь байгалийн өөрийнх нь өгөгдмөл хэв шинжийг алдагдуулах магадлалтай.

Түүнчлэн голын ойролцоо автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зай талбай ховор. Орон сууцуудын төлөвлөлт нь хэт шахуу баригдсан. Машины зогсоолгүйгээс иргэд далангийн шороон дээр машинаа байрлуулах болсон нь цаашдын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.

Үүнээс гадна, Сэлбэ гол орчмын орон сууцууд үерийн эрсдэлтэй бүсэд тооцогддог тул ипотекийн зээлд хамрагдах боломж хязгаарлагдмал байдаг аж. Байршлаас хамаарч голын ай савд ойролцоо оршдог хэмээх үндэслэлээр орон сууцыг барьцаанд тавихад үнэлгээ бага болсон нь тэндхийн оршин суугчдад эдийн засгийн саад болж байна.

Далан барих  явцад хөдөлмөр хамгааллын зөрчил ажиглагдаж байгааг ч иргэд ярьж байлаа. Ажилчид хамгаалалтын хэрэгсэлгүй ажиллах, орчны аюулгүй байдлын мэдээ мэдээлэл хангалтгүй зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Сэлбэ голын дагуух айлуудын хувьд нэг өөрчлөлт хамгийн тод мэдрэгдэж байна. Тэд голоо харах боломжгүй болсон. Эхний ээлжинд үерийн эрсдэлийг бууруулсан шийдэлд талархах авч цаашид орчны өнгө үзэмж, амьдрах нөхцөл хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй хэвээр байна.

2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр. Зургийг Б.Тэргэл

Арван жилийн өмнө Сэлбийн голын үерийн асуудлыг хоёр тэрбум төгрөгөөр шийдэхээр оролдсон ч тухайн үед үерийн улиралтай давхцаж, хөрөнгө нь “устай хамт урссан” гэх яриа бий. Харин өнөөдөр 20 тэрбум төгрөгөөр хэрэгжиж буй энэ төсөл үнэхээр Сэлбийг “сэргээж” чадах уу, эсвэл дахин нэг туршилт болж үлдэх үү гэдэг асуулт нээлттэй хэвээр үлдлээ.

Улаан голоор чинь урсаж байгаа

Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа

Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа

Улс амьтны хөлд гутаж байгаа

Уулсынхаа элгэнд хярж байгаа

Ухаан гуйн залбирч байгаа Сэлбийн гол маань төмөр бетон дунд “ёолж” байна. Харагдахгүй ч ямартай ч байгаа гэсэн бодлоор сэтгэлээ зогоох… 

Tags: toppostбайгаль орчин
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English