Хоёр бөхт тэмээний дээд өвөг Хавтгай нь олон сая жилийн өмнө Камелид овог буюу одоогийн Хойд Америкийн Аризона цөлд бий болсон гэж үздэг. Нүүдлийн явцад зарим нь Ази, Америк тивийн хооронд Берингийн хоолойг гаталжээ. Ийнхүү хүйтэн ширүүн уур амьсгалтай газар нутагшсан тэмээнүүд дасан зохицох явцдаа өөхөн бөхтэй болсон аж. Харин зарим нь өмнө зүгийг зорин Араб, Африкийн нутагт суурьшсан байдаг. Хятадын Лоб нуураас умард, дорно зүгт Ачикийн хөндий, Аржин шан уул, түүний умард залгаа аараг толгодын дагуу тархан байрласан бөгөөд ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж байгаа”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.
Монгол Улсад хавтгай тэмээ Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн 44.000 км2 нутгийн ихэнх хэсэг буюу 30-35 км2 нутгийг хамран байршдаг. Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын урьд говь, Өмнөговь аймгийн Гурвантэс, Нэмэгтийн хоолой, Ингэн хөөврийн хоолой, Сэрвэй сумын урьд говиор цөөн үзэгддэг.

Биеийн галбир гэрийн хоёр бөхт тэмээтэй төстэй боловч гоолиг биетэй, бөх нь жижиг, шовгор, хөл, хүзүү урт нарийн, тавхай ялимгүй бага, гонзгойдуу, магнай өргөн, хошуу шөмбөгөр, уруул нимгэн. Өрөвлөг, бөхний сагсаг, шил, өвдөгний зогдрын хялгас богино сийрэг, эм ноосны үс тачир, шингэн. Зүс нь гэрийн тэмээнийхээс цайвар, элсэн шаргалаас хүрэн улаан. Сүүл нарийн, цацаг үс улаавтар. Бие 340 см, сүүл 55 см, хүзүү 74 см урт, сэрвээ 210 см, хондлой 220 см, бөхний өндөр 35 см, жин 550 кг. https://shorturl.at/TLEFs
Буурын ороо 1-2 сард орж, нэг буур 10-20 ингэ хураана. Ингэ хээлээ 410-425 хоног тээж, 3 сарын эхнээс 4 сарын дунд хүртэл ботголно. Орсон буур орооныхоо үед идээшлэхгүй, гэдсээ татна. Ингэ булаг, шандаас алс нөмөр нөөлөг газар ботголж, 15-20 хоногтой ботгоо байнга дагуулан 13 сар хөхүүлээд, 5-8 сард эх үрийн харьцаанаас сүргийн харьцаанд шилжинэ. 3-4 настайдаа үржилд орж, жил өнжиж төллөнө.
Нэгдүгээр үеийн эрлийз бие галбир, авир төрхөөрөө хавтгайн шинжтэй байдаг. Ихэвчлэн заг, улаан бударгана, шармод, сухай, баглуур зэрэг сөөг, сөөгөнцөр ургамлаар хооллоно. Хаврын хүчтэй шуурганаар эрэг, ганга, мод сөөг нөмөрдөн өнжин хонон хэвтэнэ. Холч хараатай, үнэрч, соргог.

Хавтгай 2012 онд хийсэн тархац, биологийн нөөцийн үнэлгээгээр, 800 гаруй толгой гэж үнэлэгдсэн. Бэлчээр, задгай усыг хүн, мал эзэгнэснээс идээшсэн нутгаа орхидог. Монгол Улсад 1930 оноос хавтгай агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуулийн нэн ховор амьтанд хамааруулж, Монгол улсын улаан ном, Олон улсын улаан номд оруулсан байдаг. Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын I хавсралтад бүртгэгдсэн. Тархац нутгийг 1975 оноос дархан цаазтай газар болгосон бөгөөд их говийн дархан цаазат газарт (Баянтооройд) хавтгай тэмээг гаршуулан тэжээж сүрэг бий болгожээ.
Эдүгээ Алтайн өвөр говьд 450 орчим хавтгай байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс үүдсэн усны хомсдол хавтгайн тоо толгой цөөрөхөд нөлөөлж байгааг судлаачид онцолдог.
Судлаач Н.М.Прежевальскийн хавтгай тэмээг тодорхойлсон дүгнэлтэд хараа хурц, сонсгол маш нарийн, үнэрлэх чадвар төгс хөгжсөн хэмээн тусгагдсан байдаг. Үнэрлэх мэдрэмж дээд зэргээр хөгжсөн бөгөөд хүнийг хэдэн км-ийн цаанаас ч үнэрлэж, гэтэж яваа анчныг холоос ажиглан, хөлийн үл ялиг чимээг ч сонсож чаддаг байна.
Дэлхий дээр ямар ч амьтан шорвог ус ууж чадахгүй. Тэгвэл хавтгай өдөр бүр шорвог ус ууж чаддаг бөгөөд бөөр нь хачирхалтай дасан зохицжээ. Хятадын Гашуун говийн төв хэсэгт очиж нутагшсан хавтгайд цэнгэг ус олддоггүй. Монголын Баянбүрдэд хүмүүс нэвтэрсэн нь хавтгайг цөл рүү дүрвэхээс өөр гарц үлдээгээгүй байна. Дэлхий даяар 10 мянга гаруй зүйл зэрлэг амьтан улс орны хил дамжин нүүдэллэдэг гэсэн судалгаа байдаг. Эдгээрээс маш олон зүйл амьтанд устах аюул тулгараад байна. Говь цөлийн хамгийн гүнд хавтгайнаас өөр тэсэж амьдрах амьтан бараг үгүй.



