Дэлхий даяар байгальд ээлтэй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй нийтийн тээвэр эрчимтэй хөгжиж, автомашин төвтэй хотын загвараас татгалзах бодлого хэрэгжиж байна. 2030 он гэхэд дэлхийн томоохон хотуудад автомашинаар зорчих иргэдийн тоо хувийн автомашинаар хийх аяллын тоо 10 хувиар буурах төлөвтэй байгааг олон улсын судалгаанууд харуулж буй. Хувийн автомашины оронд нийтийн тээвэр, унадаг дугуй, явганаар зорчих хандлага эрчимтэй нэмэгдэж байна.
Жишээлбэл, Парист зорчих хөдөлгөөний ердөө 4.3 хувийг автомашин эзэлж, алхалт 53 хувь, нийтийн тээвэр 30 хувь, унадаг дугуйн хэрэглээ 11 хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн сүүлийн 10 жилд тус хотод 1000 км дугуйн зам баригдаж, иргэдийнх нь тал хувь долоо хоногт дор хаяж нэг удаа дугуй унадаг болсон нь зорчих хөдөлгөөний ирээдүйн чиг хандлагын илэрхийлэл гэж үзэж болох юм. https://shorturl.at/TMu4z

Автомашин үйлдвэрлэлийн салбарын ашиг буурч байна
Автомашин үйлдвэрлэл дэлхийн аж үйлдвэрийн том салбар хэвээр байгаа ч ашиг орлого нь буурч эхэлжээ. Жишээлбэл, БНХАУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбарын ашиг 2025 онд 4.1 хувь буюу түүхэн доод түвшинд очсон байна. Европын зарим үйлдвэрлэгчдийн ашиг зэрэгцэн буурч байгаа төдийгүй тус салбарт олон жил тэргүүлэгчдийн тоонд орсоор ирсэн Германд ойролцоогоор 27%-иар буурсан гэх судалгаа бий.
Мөн зарим компани санхүүгийн хүндрэлд орж эхэлжээ. Автомашины зах зээлд өндөр байр суурь эзэлдэг Porsche компанийн ашиг огцом буурч, олон мянган ажлын байр танах төлөвтэй байна. Honda компани бараг 70 жилийн дараа анх удаа тайлант жилд алдагдалтай ажилласнаа зарласан.
Гэхдээ энэ нь автомашины хэрэглээ бүрмөсөн буурч байна гэсэн үг биш. Харин уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах хүн төрөлхтний сонголт болон салбарын хувьд томоохон шилжилтийн үе эхэлснийг харуулж байна.

Унадаг дугуй, бага оврын тээврийн хэрэгслийн өсөлт
“Active mobility” буюу хөдөлгөөнд суурилсан тээвэр эрчимтэй өсөж байна. Судалгаагаар унадаг дугуйн хэрэглээ 2030 он хүртэл 18 хувиар, алхагчдын тоо 15 хувиар өснө гэж тооцоолжээ. https://shorturl.at/PuVmG Үүнээс гадна хөгжиж буй орнуудад мотоцикль, гурван дугуйт, цахилгаан скүүтер зэрэг бага оврын тээврийн хэрэгслийн тоо маш хурдтай нэмэгдэж байна.
Жишээлбэл, Бангладешийн нийслэл Дакка хотод мотоцикль нь тээврийн хэрэгслийн бараг тал хувийг бүрдүүлэх болсон. Ийм мотоцикль нь хямд, бага зай эзэлдэг, түлш бага хэрэглэдэг учраас олон хотод автомашиныг орлох хувилбар болж байна.

Практик шийдлүүд
Хятадын BYD компани 2022 оноос цэвэр бензин хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэлийг бүрмөсөн зогсоосон бол зарим улс орнуудад машин эзэмшихээс илүү хол газарт зорчих тохиолдолд ашиглах машин хуваалцах (car sharing) үйлчилгээ түлхүү хөгжиж байна. Судалгаагаар car-sharing үйлчилгээ нь автомашинтай иргэдийн тоог 40 хүртэл хувиар бууруулах боломжтой нь харагджээ. Түүнчлэн олон хот зогсоолыг багасгах, төвийн бүсэд автомашин оруулахгүй байх, дугуйн замыг нэмэх зэргээр автомашины хэрэглээг бодлогоор бууруулж байна.
Автомашины ирээдүй
2035 он гэхэд дэлхийн зарим том хот автомашины хэрэглээг эрс бууруулах, зарим газар автомашингүй бүс бий болгох төлөвлөгөөтэй байна. Хотын иргэд өдөр бүр зорчих хөдөлгөөндөө нийтийн тээврийн цахилгаан автобус, метро, унадаг дугуй, цахилгаан скүүтер, явган алхах, зарим тохиолдолд тээврийн хэрэгсэл түрээслэх гэх мэтээр утаагүй, дуу чимээгүй, байгальд ээлтэй хэрэгслийг ашиглах хандлагатай байна.
Парис, Копенхаген, Амстердам зэрэг хот аль хэдийн унадаг дугуй, алхахад чиглэсэн төлөвлөлтийг түлхүү бий болгосон. Ингэснээр автомашины түгжрэл буурч, дугуйн замууд ихээр тавигдах болжээ. Эдгээр хотын иргэдийн алхалт болон дугуйн хэрэглээ 50–60 хувиар өссөн нь агаарын чанарт шууд нөлөө үзүүлсэн байна.
Ирээдүйн “Автомашингүй хотууд” нь зөвхөн байгаль орчин төдийгүй нийгэм, эрүүл мэнд, эдийн засгийн үр өгөөжтэй шийдэл гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч байна.
Дэлхий нийтэд автомашинаас бүрмөсөн татгалзах биш, харин автомашин төвтэй хөдөлгөөний загвараас татгалзаж, нийтийн тээвэр, унадаг дугуй, мопед, скүүтер, жижиг тээврийн хэрэгсэл, түрээсийн тээврийн хэрэгсэлд суурилсан эко загвар илүү оновчтой юм.

Түгжрэлд амьдардаг Монголчууд
Автомашины хэрэглээ хурдацтай өсөж байгаа орнуудын нэг бол Монгол Улс. Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, замын ачаалал дэлхийн хотуудтай харьцуулахад маш өндөр. Нэг өрхөд дунджаар 1-2 машин, цаашилбал өрхийн насанд хүрсэн гишүүн бүр машинтай байх тохиолдол ч бий. Улаанбаатарын нөхцөлд автомашингүй хотын дүр зураг үлгэр мэт санагдах бодит шалтгаанууд бий.
Автомашины тоо хурдтай өсөж байна
Сүүлийн 10 жилд Улаанбаатарын автомашины тоо ойролцоогоор 60–70 хувь өссөн. Нийт 600 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд тогтмол оролцож байна.
Нийтийн тээврийн хүртээмж бага
Хотын нийтийн тээврийн сүлжээнд 121 чиглэлд ажлын өдрүүдэд дунджаар 1200 орчим автобус, амралтын өдрүүдэд 900–1000 орчим автобус үйлчилгээнд гардаг. https://www.transport.ub.gov.mn/
Улаанбаатарт 1.6 сая орчим хүн амьдардаг. Хотын нийтийн тээвэр дизель хөдөлгүүртэй автобуснаас бүрддэг бөгөөд иргэдийн 60–70% нь хувийн автомашинаар зорчдог байна. Хотын захиргааны ажлын хэсгийн тооцоогоор нийтийн тээврийг хүртээмжтэй болгохын тулд автобусны тоог 447-оор нэмэгдүүлж, нийт 1432 автобус болгох шаардлагатай гэж үзсэн.

Улаанбаатар хотын замын түгжрэл
Дугуй унах, явган алхах зам хомс
Улаанбаатар хотын дугуйн замын урт ердөө 30–40 км орчим. Хотын төвдөө дугуй унах, аюулгүй бөгөөд тав тухтай алхах замын хүртээмж бага. 2025 оны байдлаар Монгол Улсад цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуй 12,693 ширхэг орж ирсэн бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд импорт нь 10 дахин өссөн үзүүлэлттэй. Түүнчлэн 2025 онд цахилгаан моторт дугуй, мопед, суррон, скүүтерээс унаж, гэмтсэн нийт 2820 тохиолдол гарсан нь зориулалтын зам байхгүйгээс шууд шалтгаалж буй хэрэг юм.
Хот төлөвлөлтийн сорилт
Улаанбаатарт автомашины тоо өсөх тусам түгжрэл нэмэгдэж, тэр хэмжээгээр агаарыг бохирдуулдаг. Хотын дэд бүтцийг өргөжүүлж, нийтийн тээврийг сайжруулахгүй бол Улаанбаатар “автомашины хот” болох эрсдэл өндөртэй.
Дэлхийн томоохон хотууд иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахын тулд олон жилийн туршлага, алдаандаа тулгуурлан автомашины тоог ийн бууруулж байгаа бол “моод Монголоор дуусдаг”-ийн үлгэрээр Улаанбаатар хот машиндаа хахаж, иргэдийнх нь тав тухтай, аюулгүй орчинд аж төрөх эрх зөрчигдсөөр байна.


