Монгол Улс аялал жуулчлалын салбарыг эдийн засгаа төрөлжүүлэх нэг гол гарц гэж олон жилийн турш ярьсаар байна.
Манай улс 2025 онд 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, экспортын орлого 728 сая ам.долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлжээ. Энэ нь өмнөх оноос 16 хувиар өссөн үзүүлэлт юм. 2026 оны эхний хоёр сард 82.1 мянган жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өсжээ. Салбарын сайдын мэдээллээр манай улс 2026 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилттой байгаа аж.
Энэ өдрүүдэд үргэлжилж буй “Tourism week-2026” үндэсний чуулганы үеэр аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн шилдэг 20 улсын нэгээр нэрлэгдсэнийг онцолжээ.Түүнчлэн Азийн орнуудаас аялахад хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ удаагийнчуулганы нээлтэд оролцож, “Төр бодлого, стратегийг тодорхойлдог бол бодит үр дүнг хувийн хэвшлийн бүтээлч санаачилга, судалгаа сургалт, орон нутгийн иргэдийн оролцоо, олон улсын түншүүдийн дэмжлэг хамтдаа бүтээдэг” хэмээн онцоллоо.
Тус салбарыг төрөөс бодлогоор дэмжиж, 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулчлалын бүс болгон, зургаан хувийн хүүтэй, зургана жилийн хугацаатай нийт 250 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн байна. https://tourismweek.mn/post/8
Сав аа бэлдэхээр саалиа бэлдсэн үү?
Ихэнх жуулчид аялах орноо сонгохдоо онгоцны билетийн үнийг харьцуулдаг байна. Монголд зочлох эсэхээ шийдэхдээ мөн энэ хүчин зүйлээс эхэлдгийг салбарынхан онцолжээ.
Дэлхийн агаарын тээврийн зах зээлд нэг цагийн нислэгийн дундаж үнийг ойролцоогоор 60-70 ам.доллар гэж үздэг. Тэгвэл Токио–Улаанбаатар чиглэлийн таван цагийн нислэг нэг талдаа 300 орчим ам.доллар байх ёстой атал бодит байдал дээр 600-1000 доллар хүрдэг аж. Гэтэл Японоос Тайландын далайн эргийн амралтын бүсүүд рүү 7–8 цаг нисэх нислэг заримдаа хоёр талын 300 орчим доллар байдаг. Өөрөөр хэлбэл илүү хол, илүү урт аялал Монгол руу ирэхээс хямд байгаа нөхцөлд жуулчин аль улсыг сонгох нь ойлгомжтой.
Монголын аялал жуулчлалын салбарт тулгарч буй өөр нэг бодит асуудал бол улирлын хэт төвлөрөл. Жуулчдын 44.3 хувь зуны гурван сард ирж байна. Үлдсэн хугацаанд салбар бараг зогсонги байдалд ордог нь маш том эрсдэлийг дагуулдаг бөгөөдийм нөхцөлд бизнесүүд том хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлтэй, үйлчилгээний чанар тогтворгүй, хүний нөөц тогтвор суурьшилтай ажиллах боломжгүй байдаг. Тиймээс Монголын аялал жуулчлал өнөөг хүртэл улирлын шинжтэй бизнес хэвээр байна.
“Энэ салбарыг өнөөдөр төрийн бодлогоос илүү хэдхэн тур оператор, хөтөч, жолооч нар л нуруундаа үүрдэг” хэмээн салбарынхан ярьж байна. Аялал жуулчлалын оргил үеүдэд зочид буудлын өрөө хүрэлцдэггүй, орон нутгийн жуулчны баазуудын дэд бүтэц сул, орон нутгийн зам харгуй, ариун цэврийн байгууламж, интернэтийн үйлчилгээ хангалтгүй, олон хэл дээрх мэдээллийн систем, тэмдэг тэмдэглэгээ цөөн, Улаанбаатар хотын авто замын түгжрэл, нийтийн тээврийн үйлчилгээ дутмаг хэвээр байгаа нь энэ салбарт хийх зүйл их байгааг харуулж байна.

Гэтэл дэлхий даяар аялал жуулчлалын шинэ чиг хандлага бий болж, салбарлан хөгжсөөр буй.Тухайлбал, эко аялал жуулчлалын зах зээл ойрын 10 жилд 900 тэрбум доллар давна гэсэн тооцоолол бий. Энэ нь жуулчид байгальд ойр, илүү амьд, органик, эко аяллыг сонгох болсонтой нягт холбоотой юм.
Дэлхий нийтийн энэхүү чиг хандлага нь түүх, соёл, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Монгол Улсын хувьд асар том боломж.
Гэхдээ төрийн бодлого шийдвэр нь оновчтой, үр дүнтэй, олон улсын нислэг, хот болон орон нутгийн дэд бүтэц, маркетинг, үйлчилгээний чанар стандарт зэргээ цогцоор нь шийдэж чадсан нөхцөлд Монгол Улс нэг сая төдийгүй жуулчин татах боломжтой.
Монгол Улс 2030 он гэхэд жилдээ 2 сая жуулчин хүлээн авч, нэг жуулчны дундаж зарцуулалтыг 4000 ам.долларт хүргэхээр зорьж байна. Энэ нь 8 тэрбум ам.долларын салбарын орлого бүрдүүлэх зорилт юм.


