Хавар дөхөхтэй зэрэгцэн, өвлийн турш хуримтлагдсан цас мөс хайлж, Монгол орны олон бүс нутагт шар усны үерийн эрсдэл нэмэгддэг. Цас хайлж гадаргын урсац эрчимжих үед гол мөрөн, сайр, гуу жалгаар их хэмжээний ус урссанаар нам дор газар, уулын энгэр хормойд буусан айл өрхүүд аюулд өртдөг.
Угтаа цас ханзрах нь байгалийн жам ёсны үзэгдэл боловч богино хугацаанд их хэмжээний ус урсаж, гол мөрөн, нуур цөөрмийн усны түвшнийг нэмэгдүүлснээр шар усны үер болон хувирдаг.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр 2026 оны гуравдугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байгаа тул халиа тошин үүсэж, шар усны үерийн эрсдэл нэмэгдэхийг анхааруулжээ. Ялангуяа цас ихтэй өвөлжсөн Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын нутгаар шар усны үерийн аюул өндөр байна.
Гуравдугаар сарын 5-ны өдрийн шар усны үерийн аюулын зураглалаас харахад нийт нутгийн 2.5 хувь нь маш өндөр, 35 хувь нь өндөр, харин 40 хувь нь дунд зэргийн эрсдэлийн ангилалд багтаж байна. Энэ нь хаврын улирал эхлэхтэй зэрэгцэн ихэнх нутгаар усны урсац нэмэгдэх нөхцөл бүрдсэнийг харуулж байгаа юм. https://weather.gov.mn/medee/1430

Үерийн шалтгаан
Монгол орны 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 6–8 см орчим, цасан дахь усны нийт нөөц 10 гаруй шоо км хүрэх үед шар усны үер үүсэх магадлал байдаг. Ийм хэмжээний ус богино хугацаанд хайлахад гадаргын урсац эрчимжиж, гол мөрөн болон жалга, сувгуудад усны түвшин огцом нэмэгддэг байна.
Түүнчлэн шар усны үер үүсэхэд өвлийн турш хуримтлагдсан их хэмжээний цас, хөрсний гүн хөлдөлт, огцом дулааралт зэрэг байгалийн хүчин зүйлс нөлөөлдөг. Хөрс бүрэн гэсээгүй үед цасны ус шингэх боломжгүй тул нам дор газар, гудамж талбай, жалга суваг руу урсаж үерийн нөхцөл бүрдүүлснээр ус зайлуулах суваг, жалгын бөглөрөл үүсгэдэг.
Монгол орны газарзүйн бүсээс шалтгаалан шар усны үерийн оргил хугацаа харилцан адилгүй тохиолдоно. Хангай, Хэнтийн нурууны бүсэд ихэвчлэн дөрөвдүгээр сарын эхээр эхэлдэг бол Төвийн бүсэд дөрөвдүгээр сарын дунд үеэр идэвхжих хандлагатай. Харин Алтайн нурууны бүсэд цас оройтож хайлдаг тул зарим тохиолдолд тав, зургаадугаар сар хүртэл үргэлжлэх магадлалтай байдаг.
Байгаль орчин, эрүүл мэндэд учрах эрсдэл
Шар усны үер зөвхөн усанд автах асуудлаар хязгаарлагддаггүй. Цасанд дарагдсан малын сэг зэм, ахуйн хог хаягдал, химийн бохирдол зэрэг нь цасны усаар дамжин гол мөрөн, хөрсөнд тархах эрсдэл бий. Үүний улмаас ундны усны чанар муудах, халдварт өвчин тархах, малын бэлчээр бохирдох зэрэг экологийн болон эрүүл мэндийн сөрөг үр дагаврыг дагуулж байдаг.

Хотжилтын алдаа эрсдэлийг нэмэгдүүлж байна
Хаврын шар усны үер Монгол орны хувьд шинэ асуудал биш боловч сүүлийн жилүүдэд хотжилт эрчимжихийн хэрээр хор уршиг нь илүү тод мэдрэгдэх болсон. Ялангуяа Улаанбаатар хотод жалга, сайрын аманд суурьшил нэмэгдсэн, ус зайлуулах дэд бүтэц хангалтгүй, зарим хэсэгт шуудуу суваг огт байхгүй байгаа нь үерийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Үүн дээр жалга сувагт хуримтлагдсан хог хаягдал усны урсгалыг хааж, шар усны үерийг улам нэмэгдүүлэх нөхцөл болж байна. Ийнхүү цас хайлах байгалийн жам ёсны үзэгдэл төлөвлөлтгүй хотжилтын улмаас хотын хэмжээнд эрсдэл дагуулсан үерийн асуудал болон хувирсан.
Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цас аажмаар хайлах бус богино хугацаанд их хэмжээгээр хайлж байгааг судлаачид анхааруулж байна.

Эрсдэлийг бууруулах боломжтой
Хаврын шар усны үерийг бүрэн зогсоох боломжгүй ч эрсдэлийг бууруулах боломж бий. Голын сав газар, жалгын ам дахь суурьшлыг хязгаарлах, хотын ус зайлуулах системийг өргөтгөх, суваг шуудууг тогтмол цэвэрлэх, хог хаягдлыг зөвшөөрөгдсөн цэгт нь тушаах иргэний ухамсар зэрэг нь эрсдэлийг бууруулахад чухал алхам болох юм.
Шар усны үер бол байгалийн жам ёсны үзэгдэл. Харин түүнийг гамшиг болгох эсэх нь хот төлөвлөлт, дэд бүтэц, иргэдийн орчны соёлоос шууд хамаарна.


