Өнөөдөр бол дэлхий нийтээрээ байгалийн баялгаа эргэн харж, зэрлэг амьтан, ургамлаа хамгаалах үүргээ санах өдөр.
Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдөр дэлхий нийтээрээ зэрлэг амьтан, ургамлаа хамгаалах, биологийн олон янз байдлын үнэ цэнийг ойлгон таниулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг.
1973 оны 3 дугаар сарын 3-нд АНУ-ын Вашингтон хотноо зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES) батлагдсаныг тохиолдуулан энэ өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас ёсоор “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр” болгон зарласан.

Улмаар 2013 оноос хойш зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, тэдгээрийн үнэ цэнийг таниулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж байна.
НҮБ-ын үнэлгээнд дэлхий дахинд нэг сая гаруй зүйл устах аюулд орсныг дурдсан нь байгаль хамгааллын асуудал ямар ноцтой түвшинд хүрснийг илтгэнэ. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, хууль бус агнуур, ойн сүйтгэл, байгалийн нөөцийн хэт ашиглалт зэрэг хүчин зүйлс экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, олон зүйл амьтан, ургамлыг мөхлийн ирмэгт аваачиж байна.
Биологийн олон янз байдал бол зөвхөн амьтан, ургамлын тоо бус, харин байгаль ба хүний хоорондын амьд холбоос билээ. Хүнсний аюулгүй байдал, эмийн нөөц, цэвэр ус, агаар, уур амьсгалын зохицуулалт гээд бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг бүхэн байгалийн тэнцвэртэй холбоотой. Иймээс төрөл зүйлсийн хомсдол нь эцсийн дүндээ бидний амьдралын нөгөө тал гэж хэлж болохоор.
Дэлхийн хуурай газрын гадаргуугийн 28 орчим хувийг ой мод бүрхдэг бөгөөд 200–350 сая хүний амьжиргаа ойн экосистемээс шууд хамааралтай байдаг. Ой бол зөвхөн байгалийн баялаг төдийгүй соёл, уламжлал, эдийн засгийн чухал тулгуур юм. Тиймээс ойн менежментийг сайжруулах, доройтсон бүс нутгийг нөхөн сэргээх, ойт бүсийн иргэдийн амьдралын хэв маягийг хамгаалах нь тогтвортой хөгжлийн чухал зорилт болж байна.
Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр бол зүгээр нэг тэмдэглэлт өдөр биш. Энэ бол хүн төрөлхтөн байгальтайгаа зохицон амьдрах, ирээдүй хойч үедээ АМЬД, БАЯЛАГ дэлхийг өвлүүлэн үлдээх хариуцлагыг сануулах өдөр.
Байгаль дэлхийгээ хамгаална гэдэг нь бид өөрсдийн амьдрал, ирээдүйгээ хамгаалж буй хэрэг билээ.


