COP17 бол зөвхөн байгаль орчны хурал биш, эдийн засгийн маш чухал боломжоос гадна Ногоон дипломат бодлогыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулснаар дэлхийн анхаарлыг конвенцын үндсэн агуулгуудаас гадна малын бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс зэрэгт хандуулах ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ олон улсын донор байгууллага, хөгжлийн банкууд, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрт бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ. Өмнөх хурлуудын туршлагаас харахад, ийм хэмжээний хурлын дараа дараагийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг байна.
Жишээ нь 2022 онд Баруун Африкийн Кот-д’Ивуар Улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа”Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Харин түүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж буй аж. 2024 онд Саудын Арабын Хаант Улс улс орнуудын ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, сайжруулах, түншлэлийг бэхжүүлэн дэмжих хүрээнд “Гангын түншлэл”-ийг санаачлан 12 тэрбум долларын амлалтыг татаж чаджээ.
Монгол Улсын хувьд COP17 амжилттай зохион байгуулснаар олон улсын санхүүжилт татах бодит боломж нээгдэх юм. Тиймээс Монгол Улс энэ боломжийг бодит болгохын тулд COP17-гийн үеэр “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын шүтэлцээ санаачилга” болон хувийн хэвшлийн салбарын оролцоотой Тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэхдээ байгальд суурилсан шийдлүүдийг ашиглахыг уриалах зорилготой санаачилгуудыг боловсруулж байгаа юм байна.
COP17 бол манай улсын нэр хүнд төдийгүй, уур амьсгалын хөрөнгө оруулалтыг бодит эдийн засгийн өсөлт болгон хувиргах хаалга болох нь дамжиггүй. COP17 бол Монголыг дэлхийд таниулах олон улсын түвшний том хурал. Бас эдийн засгаа өндийлгөх боломж. Нэг ёсондоо бид дэлхийн төв болох боломж нээгдэж буй.
Гэвч хурлын үеэр зочид, төлөөлөгчдийг буулгах зочид буудал, хот дотор үйлчилгээ үзүүлэх унаа, тээврийн зохицуулалт, үйлдвэр үйлчилгээний салбар үүнд бэлэн үү?
Цөлжилтийг дэлхий нийтээрээ хамтдаа даван туулахаар Монголд 10000 гаруй хүн цуглах нь. Тэд дэлхийд экологи, байгаль дэлхийгээ хайрлахыг тунхаглана, шийдвэр гаргана. Харин дэлхийд Монголыг таниулах COP17-д бид бэлэн үү?



