Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Я.Фуад СOP17 бага хурлын бэлтгэл ажилтай танилцах, Монгол Улсын төр засгийн төлөөлөл, элчин сайдуудтай уулзах, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд залуучуудын төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцож байна.
Тэрбээр “Монгол Улс бусад улс орнуудтай хамтарч цар хүрээгээ тэлснээр байгаль орчиндоо хөрөнгө оруулж, санаа шийдлүүд тань COP17 дээр бодит ажил хэрэг болж харагдах боломжтой. Газар нутаг бол бидний амьдралын үндэс. Бид газраа хамгаалах ёстой. Бид COP17 дээр бүх оролцогч талуудыг нэгтгэж өгнө. Дэлхий нийтэд харуулна. Ингэснээр газар нутгийн төлөө дэлхий нийтийг нэгтгэсэн бодит үйл ажиллагаа хэрэгжинэ гэж итгэж байна” хэмээв.
Иргэний нийгмийн төлөөлөл болоод залуучуудтай уулзахад тэд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их санаа зовж буйгаа илэрхийлсэн бөгөөд “орон нутгийн уугуул иргэд нь цөлжилт бодит байдал дээр хэрхэн нөлөөлж байгаа талаар ойлголт, мэдлэг мэдээлэл багатай байдаг. Тиймээс цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа малчдын төлөөллийг тус хуралд заавал оролцуулах” тухай санал дэвшүүлсэн байна.

Түүний айлчлалын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын уриаг албан ёсоор зарласан юм. Ирэх наймдугаар сард манай улсад зохиогдох тус арга хэмжээний уриаг “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” гэж тогтсон байна.
https://www.undp.org/mn/mongolia
https://nogoon.mn/2023/11/01/uur-amsgalyn-uurchlultuus-uudeltei-soriltdelhiid-ba-mongold/


