Монгол Улсын ойн сан саяхныг хүртэл нүүрстөрөгчийн цэвэр дүнгээр шингээгч улс орны статустай байх нөхцөлийг бүрдүүлсэн боловч сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрч, ойн менежмент дутмаг болсоноор уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээр өртөж нөхцөл байдал улам дордох төлөвтэй байна. Монгол орны нутаг дэвсгэрийн 80 орчим хувь, газар тариалангийн 96 хувийг бэлчээрийн газар нутаг эзэлж байна. Одоогийн мал сүргийн тоо толгой Монгол орны бэлчээрийн даацаас үлэмж хэтэрч өссөөр байна. Үүний улмаас бэлчээрийн газар нутгийн 2/3 доройтсонд тооцогдож, 10 хувь нь эргэлт буцалтгүй доройтолд оржээ. Түүнчлэн, Монгол Улсын мал аж ахуйн салбар олон улсад нүүрстөрөгч ялгаруулалтын эрчмээр хамгийн өндөрт тооцогдож байна.
Харин Монгол орны нийт газар нутгийн 9 хувийг эзэлж буй төв-хойд хэсэг дэх тайгын ой, баруун-өмнөд хэсэг дэх заган ой мод өнөөгийн хүлэмжийн хийн ялгарлын ¾-ыг өөртөө шингээж байгаа төдийгүй, 2010-аад оны эхэн үе хүртэл Монголыг нүүрстөрөгчийн цэвэр дүнгээр шингээгч орны статустай болгох нөхцөлийг бүрдүүлж байв. Гэвч 2000-2020 онуудад ой хээрийн түймэр, бэлчээрийн даац хэтрэлт, хортон шавж тархалт, хууль бус мод бэлтгэл зэрэг томоохон асуудлууд тулгарч, улмаар Монгол орны ой модны бүрхэвч цэвэр дүнгээр 264,000 га буюу 3.4 хувиар буураад байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан бэлчээрийн чанар алдагдах, ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэх, цаг агаарын эрс тэс үзэгдлийн эрчим болон давтамж олшрох эрсдлүүд бий болсон. Эдгээр нь урт хугацаандаа бэлчээрийн гарц бүтээмж буурах, ойн сан бүхий газар нутагт учрах эрсдэлийг улам нэмэгдүүлэх юм. Ийнхүү бэлчээрийн гарц бүтээмж буурах нь буцаад уур амьсгалын эрс тэс өөрчлөлтөд дасан зохицох чадварыг багасгаж, хүлэмжийн хийн ялгарал цэвэр дүнгээр нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Хөдөө орон нутагт байгалийн нөөц баялгийг илүү ашигтайгаар ашигласнаар Монгол Улс илүү тэсвэртэй, өндөр бүтээмжтэй, нүүрстөрөгчийн ялгарлын эрчим багатай орон болж, бүх талаар эерэг үр дагаварт хүрэх боломжтой.
Мал аж ахуйн салбарт мөрдөгдөж буй өнөөгийн үнийн урамшуулал тогтвортой хөгжлийн зорилтуудтай үл нийцэж байна! Тухайлбал, 2010-2020 оны хооронд татаасыг голчлон үйлдвэрлэлийн гарцад тулгуурлан, олон тооны малтай малчдад илүү үр өгөөжтэй байдлаар олгож байсан нь малын тоо толгойн өсөлтийг даамжруулж, улмаар экосистем доройтох, хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ хугацаанд олгосон татаасны хэмжээ хөдөө аж ахуйн салбарт зориулагдсан нийт зардлын 57 хувийг эзэлж байв.
Татварын сөрөг нөлөөллийг багасгах, татвараас зайлсхийх явдлаас сэргийлэхийн тулд цөөн тооны малтай малчдад онцгой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Улам илүү нэмүү өртөг шингээхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц болон сав баглаа боодол, шошгыг олон улсын зах зээл, худалдааны логистикт нийцүүлэх шаардлага байна.
Эх сурвалж: Дэлхийн банк Уур амьсгал ба хөгжил тайлан


