НҮБ-ын Их Сургуулийн Ус, байгаль орчин, эрүүл мэндийн хүрээлэн (UNU-INWEH)-гээс гаргасан шинэ тайланд дэлхий нийт усны дампууралд (Global Water Bankruptcy) орсныг албан ёсоор зарлалаа.
Хүн төрөлхтөн усны нөөцийг байгальд нөхөн сэргэх түвшнээс нь давуулан ашигласнаар гол мөрөн, нуур, гүний ус, намгархаг газар, мөсөн голууд сэргэх боломжгүй гамшгийн хэмжээнд хүрснийг энэхүү тайланд онцолсон байна.
“Усны хомсдол” нь түр зуурын, сэргээгдэх дарамтыг, “усны хямрал” нь даван туулах боломжтой шокийг илэрхийлдэг бол “усны дампуурал” нь хямралын дараах, нөхөн сэргэх боломж үндсэндээ үгүй болсон үе шат юм.
Дэлхий гараг усны дампууралд орсныг нотлох тоо баримтууд:
- 50 хувь: 1990-ээд оны эхнээс хойш усны түвшин нь буурсан нууруудын хэмжээ (эдгээр нуураас хүн төрөлхтний 25 хувь нь шууд хамааралтай).
- 50 хувь: Дэлхийн хэмжээнд ахуйн хэрэглээний усны талыг газрын гүний ус хангаж байна.
- 40 гаруй хувь: Уст давхаргаас усалгаанд ашиглаж буй усны хэмжээ буурч байна.
- 70 хувь: Томоохон уст давхаргуудын түвшин урт хугацаанд буурсаар байна.
- 410 сая га: Сүүлийн 50 жилд устсан намгархаг газрын нийт талбай (энэ нь Европын Холбооны нийт нутаг дэвсгэртэй тэнцэнэ).
- 30+ хувь: 1970 оноос хойш зарим бүс нутагт мөсөн голын нийт масс алдагдсан бөгөөд нам, дунд өргөргийн уулс ойрын жилүүдэд мөсөн голгүй болно.
- Олон арван гол мөрөн: Жилийн тодорхой хугацаанд далайд цутгахаа больсон.
Хүн төрөлхтөнд үзүүлж буй үр дагавар
- 75 хувь: Усны хомсдолтой, эсвэл ноцтой усны хомсдолтой гэж ангилагдсан орнуудад амьдарч буй дэлхийн хүн ам.
- 2 тэрбум хүн: Газрын гүний усны ашиглалтын улмаас суулт явагдаж буй бүс нутагт амьдарч байна.
- 4 тэрбум хүн: Жилд дор хаяж нэг сарын хугацаанд усны гүн хомсдолд ордог.
- 170 сая га: Усалгаатай тариалангийн өндөр болон маш өндөр усны стресст өртсөн талбай. (Франц, Испани, Герман, Италийн газар нутагтай тэнцэнэ)
- 5.1 их наяд ам.доллар: Намгархаг газрын экосистем алдагдсанаас үүдэлтэй эдийн засгийн хохирол.
- 3 тэрбум хүн: Усны нөөц нь буурч буй, эсвэл тогтворгүй болсон бүс нутагт амьдарч байгаа бөгөөд дэлхийн хүнсний 50 гаруй хувь эдгээр бүс нутагт үйлдвэрлэгддэг.
- 1.8 тэрбум хүн: 2022–2023 онд гангийн нөхцөлд амьдарч байсан.
- 307 тэрбум ам.доллар: Гангийн улмаас дэлхийн хэмжээнд жил бүр үүсэж буй эдийн засгийн алдагдал.
- 2.2 тэрбум хүн: Аюулгүй, зохистой удирдлагатай ундны усны хангамжгүй байна
Тайланд онцолсноор усны асуудал нь зөвхөн байгаль орчны бус улс орнуудын хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, шударга ёс, зөрчил мөргөлдөөнтэй шууд холбоотой. Дэлхийн цэнгэг усны 70 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар ашигладаг бөгөөд усны дампуурал фермерүүд, ялангуяа жижиг тариаланчдад хамгийн хүндээр тусч байгаа аж.
Иймээс усны дампуурлын эсрэг зохистой менежмент хэрэгжүүлэхийг тус байгууллага уриалжээ. Усны зөв менежмент баримталснаар нөхөн сэргэх боломжгүйгээр багасаж байгаа усны хомсдолын хохирлыг нэмэгдүүлэхгүй байх, уснаас хэт хамааралтай салбарууд, ялангуяа хөдөө аж ахуйн салбарын бүтцийг өөрчлөх, усны асуудлыг уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтлоос нэн тэргүүнд тавих шаардлагатай болсныг онцолсон байна.
Дэлхий нийтийг цочирдуулам тус тайлан нь усны асуудлыг нэн аюултай түвшинд хүрснийг хүн төрөлхтөн ухамсарлаж, бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, улс орнууд илүү шударгаар, харилцан ойлголцлоор, тогтвортой ирээдүй рүү шилжих болсны анхааруулга төдийгүй уриалга боллоо.
Эх сурвалж: UNU-INWEH



