Монгол орны өндөр уулсын бүсэд орших мөнх цас, мөсөн гол, цэвдэг нь байгалийн тэнцвэрийг хадгалагч, усны нөөцийн чимээгүй баталгаа байсаар ирсэн. Гэвч дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт Монголын уулсын экосистемд бодитоор нөлөөлж, мөнх цас, цэвдгийн хайлалт сүүлийн хэдэн арван жилд эрс эрчимжээд байна.
Судалгаанаас харахад Монгол Алтайн нуруунд орших Сутай хайрхны мөнх цас, мөсөн голын талбай сүүлийн 30 жилд ойролцоогоор 30 хувиар багасаж, зарим мөстлөг бүрэн тасрах аюулд оржээ. Үүнтэй зэрэгцэн тухайн бүсэд цэвдэг тархсан газар нутгийн хэмжээ 60 хувиас 29 хувь болж буурсан нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн дулаарал Монголын баруун бүсэд хичнээн хурдтай явагдаж байгааг харуулж байна.
Монгол орны мөсөн гол, мөнх цасны доройтол зөвхөн нэг уул, нэг бүсэд хязгаарлагдахгүй. Судалгаагаар:
-
Цамбагарав уулын мөсөн талбай 1977–2017 онд 132.2 км²-ээс 63.9 км² болж, 51.7 хувиар буурсан
-
Мөнххайрхан уулын мөсөн голууд 1991–2020 онд 11.7 км²-ээр, буюу 32.3 хувиар багассан
-
Монгол Алтайн мөстлөгүүдийн нийт талбай 1940-өөд оноос хойш ойролцоогоор 30 хувиар багассан гэсэн тооцоо бий.
Эдгээр тоо баримт нь Монгол орны өндөр уулсын мөсөн нөөц эргэлт буцалтгүйгээр багасаж байгааг хэлж байна.
Мөнх цас, цэвдэг нь Монгол орны гадаргын усны урсцыг тогтворжуулдаг стратегийн нөөц юм. Хайлалтын эхний үед гол горхины усны хэмжээ нэмэгдэх боловч удаан хугацаандаа усны нөөц багасаж, гол мөрний урсац тасалдах, нуур цөөрөм ширгэх аюултай.
Ялангуяа баруун бүсийн хуурай уур амьсгалтай нутгуудад энэ өөрчлөлт хурц мэдрэгдэж, мал аж ахуй, бэлчээрийн усан хангамжид ноцтой дарамт учруулж байна. Цэвдэг хайлахад хөрсний бүтэц эвдэрч, ургамлын бүрхэвч доройтон, цөлжилт эрчимжих нөхцөл бүрддэг. Үүний үр дагаварт уулын экосистемийн тогтвортой байдал алдагдаж, биологийн олон янз байдал буурна. Хамгийн ноцтой нь, эдгээр байгаль орчны өөрчлөлт нь орон нутгийн иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж, ус, бэлчээрийн хомсдолоос үүдэлтэй экологийн шалтгаант дотоодын дүрвэлт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Монгол орны мөнх цас, цэвдгийн хайлалт бол байгалийн энгийн мөчлөг бус, дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийн Монгол дахь бодит илрэл юм. Энэ нөхцөлд шинжлэх ухаанд суурилсан судалгааг тогтмолжуулах, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалд дасан зохицох бодлогыг бодитой хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлага болж байна.
Мөнх цас хайлж байна. 2050 он гэхэд Монгол улсад мөнх цастай уул үгүй болж, голууд ширгэх эрсдэлтэйг зарим шинжээчид болоод байгаль бидэнд сануулж байна. Үүний нөлөөгөөр 300 мянган хүн, 15 сая мал эрсдэлд орох магадлалтай гэж үзжээ.
Эх сурвалж: Ногоон хөгжил сэтгүүл, www.mdpi.com


