“Монголын Швейцар” гэгддэг Хөвсгөл аймаг өвлийн улиралд үлгэрийн мэт үзэсгэлэнт байгалиараа дотоодын болоод олон улсын жуулчдыг ихээр татдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын зүүн хойно орших идэр есийн -50 хэмийн хүйтэнд хөлддөггүй “Жаргалант гол” өвлийн аялал жуулчлалыг ихээр татаж, жуулчдын тоог эрс нэмэгдүүлсэн байна.
Нутгийн иргэд эрт цагаас “Амьд ус” хэмээн хүндэлж ирсэн бөгөөд өвлийн улиралд голын эргэн тойронд ургамал ногоо цэцэглэн ургаж, уснаас савсах уур нь ойр орчмын мод бутыг цантуулж, цасан цагаан үлгэрийн орон мэт харагддаг. Энэхүү өвөрмөц, үзэсгэлэнт дүр төрх нь дотоод гадаадын аялагчид, гэрэл зурагчид, байгалийн сонин содон үзэгдлийг сонирхон дурлагчдын заавал зорих газрын нэг болж сүүлийн нэг сарын хугацаанд 7000 гаруй жуулчин очжээ.
Харин олон нийтийн сүлжээнд “Жарганат”, “Жаргант” эсвэл “Жаргалант” хэмээх маргаан үүсэж эхэлснийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас албан ёсны нэршил нь “Жаргалант гол” болохыг анхааруулжээ. Энэ нэр нь Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан нэр юм. Түүнчлэн “Жаргалант гол руу машин явах боломжтой юу” гэх сэдэв нийгмийн сүлжээнд өрнөж, аялагчдын анхаарлын төвд байна.
Яагаад “Жаргалант гол” хөлддөггүй вэ?
Жаргалант гол нь газрын гүний дулаан булгуудтай холбогдсон бөгөөд тэдгээрээс оргилох ус нь өвлийн -50 хэмийн хүйтэнд ч голын температурыг 0 хэмийн орчимд тогтвортой хадгалдаг. Мөн голын ус байнга урсаж, газрын гүнээс шинэ усаар сэлбэгддэг тул мөс тогтох нөхцөл бүрддэггүй аж. Үүний сацуу усанд агуулагдах эрдэс бодис болон ууршилтаар явагдах дулааны солилцоо нэмэгдэн нөлөөлж, голыг жилийн турш “амьд” байлгадаг.
Байгаль эхийн бүтээсэн энэ гайхамшгийг үзэхэд хамгийн тохиромжтой хугацаа нь 12 дугаар сарын 10-аас 1 дүгээр сарын сүүл хүртэл богинохон хугацаанд үргэлжилдэг байна.



