Арын сайхан хангайд дулаахан хавар болж байна. Салхи үлээж, нар ээсэн хаврын нэгэн налгар өдөр Хангайн бүсийг хэрхэн хөгжүүлэх талаар ярьсан хурал зөвлөгөөн Архангай аймгийн төвд боллоо. Энэ удаагийн арга хэмжээ нэлээд өргөн хүрээнд, мөн өвөрмөц болсон гэдгийг онцлоё.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс Хангайн бүсээс анхны зөвлөгөөнийг эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газар орон нутагт анх удаа өргөтгөсөн хурал хийлээ. Энэхүү хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайдууд болон бүх яамны сайд, мөн Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, холбогдох байгууллагын удирдлага, эрдэмтэн докторууд оролцлоо. Ийм бүрэлдэхүүнтэй хурал хөдөө орон нутагт болсон нь анхны тохиолдол бөгөөд түүхэнд үлдэх биз ээ.
Бүсчилсэн хөгжлийн анхны зөвлөгөөн 5 хэлэлцүүлгээр өрнөсөн бөгөөд миний бие “Хангайн бүсийн хөгжил-2040” хэлэлцүүлгийн модератороор ажиллав.
“Хангайн бүсийн хөгжил-2040” хэлэлцүүлэг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын хөгжлийн ирээдүйн гарц шийдэлд төлөвлөрч ярилцсан. Тус бүс нутаг 300.0 орчим мянган хүн ам, 13.2 сая малтай. 4000 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа статистик мэдээлэл байна.
Хөдөө орон нутагт хөгжил ярья гэвэл дэд бүтэц л ярих хэрэгтэй болно. Зам гүүр, эрчим хүч, газар доогуурх байгууламж гэх мэт. Хангайн бүсэд мөн л эдгээр асуудлыг эхэлж ярилаа. Энэ бүс нутаг богино болон дунд хугацаанд хэрхэн хөгжих вэ. Хөгжлийн ямар боломжууд байна вэ. Төрөөс ямар бодлого, төлөвлөлтүүд хийх шаардлагатай байна вэ зэрэг асуудлыг тойрон хэлэлцүүлгүүд өрнөсөн. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд одоо бүсүүдийн богино болон дунд хугацааны буюу 2040 он хүртэлх бодлого, төлөвлөгөөний баримт бичгийг боловсруулах ажил ийн бүсүүдийн зөвлөгөөнөөр эхэлж байгаа юм.
Хангайн бүсийн нэг онцлог бол газар зүйн байршил. Говь, Баруун, Хойд бүсүүдтэй холбогдож байна. Тийм учраас тээвэр ложистикийн төв цэг болон хөгжинө гэж харагдаж байна. Хангайн бүсэд хөгжлийн маш том давуу тал байна. Энэ бол Шинэ Хархорум хотын төсөл. Монголын эзэнт гүрний нийслэл, дэлхийд нэрээ дуурсгасан буурал түүхийн өлгий бүс нутаг шүү дээ.
Харин одоо 500 мянган хүн ам бүхий Шинэ Хархорум хотыг байгуулснаар Хангайн бүс хөгжиж дэвших нь нэгэнт тодорхой болжээ. Төрөөс шинэ засаг захиргааны хотыг богино хугацаанд барьж байгуулахад анхаарна гэж байгаа учраас тус бүс нутагт дэд бүтцийн бүтээн байгуулалтын их ажил өрнөнө гэсэн үг.
Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийнхан бүс нутгаа мал аж ахуй, аялал жуулчлал хосолсон бүс болгон хөгжүүлэхийг хүсч буйгаа Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд уламжилсан. Энэхүү хүсэлтийг нь Засгийн газрын тэргүүн хүлээн авч нүүдлийн мал аж ахуйд түшиглэсэн аялал жуулчлалын ногоон бүс болгон хөгжүүлэх бодлого барьж ажиллахаар болсон юм.
Тус бүсэд хэрэгжих эрчим хүчний томоохон төсөл. Үүнд:
- Байдрагийн 30 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц
- Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц
- Улаанбаатар-Арвайхээр-Улиастай чиглэлийн 550 кВ-ын цахилгаан дамжуулах шугам
Хангайн бүсэд болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар ард иргэд, аймгийн удирдлагууд болон тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн саналыг сонссоны дараа дорх шийдвэрүүдийг гаргасан юм.
- Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр:
Бүгд Найрамдах Солонгос Улсын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Архангай аймгийн дулааны станцын төслийг эхлүүлж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн дулааны станцын төслийн зогсонги байдлыг арилгах;
Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх;
Бүсийн аймаг тус бүрд 10МВт-ын нар, 20МВт цагийн батарей хуримтлуурын станцын төслийг 2026 онд багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх;
Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум чиглэлийн авто зам, Баянхонгор аймгийн Баянхонгор сум-Архангай аймгийн Булган сум чиглэлийн авто зам, Арвайхээр-Тарагт-Уянга сум чиглэлийн авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах санхүүжилт болон Өвөрхангай аймгийн Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замаас Мандал-Овоо хүртэлх авто замын төслийн санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэх;
Орон нутгийн хөгжлийн төв, хөгжлийн төвд таталцах сумдын зураг төсөл бүхий инженерийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулж, бусад сумын инженерийн дэд бүтцийн байгууламжийн зураг төслийг шуурхай боловсруулж дуусгах;
Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн рашаан орчмын амралтын газрын, Баянхонгор аймгийн Баянлиг сум, Баянхонгор сумын Шаргалжуут тосгонд цэвэр, бохир усны нэгдсэн шугам, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Хөдөө, аж ахуйн их сургууль болон шаардлагатай бусад их, дээд сургуулийн салбар сургууль байгуулах асуудлыг судалж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх;
Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж хэрэгжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
2.Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх чиглэлээр:
”Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангах замаар хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
Аялал жуулчлалын чиглэлээр болон хот хоорондын зам дагуу үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах;
Баянхонгор аймгийн “Түүх, угсаатны зүй, байгалийн түүхийн музей” болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхоны хөндийн Дэлхийн өвийн хамгаалалтын захиргааны барилгын санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэхээр тогтлоо.
Түүнчлэн, бүсийн нутаг дэвсгэрт үүлний шилжилт, хувьслыг өндөр нарийвчлалтай тодорхойлох, цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор цаг уурын радарын станц, холбогдох байгууламжийг Өвөрхангай аймгийн Хархорум хотод байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Бага Илэнх-Шивээхүрэн чиглэлийн 1073.79 км авто замын зураг төсөлгүй хэсэг болох Гурванбулаг-Элсэн тасархай чиглэлийн 53 км авто зам, Богд сум-Шивээхүрэн боомт чиглэлийн 224.6 км авто замын зураг төслийг боловсруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр Хангайн бүс хөгжлийн замдаа орж, ард иргэд нутаг усандаа сайхан амьдрах боломж бүрдэж, улмаар бусад бүс нутгийг ч дэмжин тэтгэж хөгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Д.Бэхбаяр