Ойн нөөцийн тооллогоор манай улсад 1.2 тэрбум шоо метр ой мод тоологдсон бөгөөд үүнээс 172сая нь хатсан мод байгаа юм байна. Түүнчлэн ойн нөөцийн 67 хувь нь 50-200 настай, жилд бэлтгэх модны дээд хэмжээ 1.1сая шоо метр. Үүнээс 750 мянган шоометрийг нь ашиглаж жилдээ 2.7 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж байна. Мөн 1990-ээд оны үед ой модоо огтолж, маш их хэмжээгээр экспортолж сүйтгэж байсан бол сүүлийн үед модны нөөцийг нэмэгдүүлэх, мөн “Тэрбум мод” төслийн хүрээнд мод тарих ажил өргөн далайцтай өрнөж мод үржүүлгийн газрууд ч ихээр нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Ойг ашиглаж, тордож байж л мод нөхөн сэргэж, ургадаг. Манай улс модоор байшин, тавилга, буйдан, хөгжмийн зэмсэг зэргийг хийж байна. Тиймээс мод ашиглалт, нөхөн сэргээлтийг тэнцвэржүүлэх шаардлагатай. Герман улсаас хэрэгжүүлж байгаа “Ойн тооллого” төслийн хүрээнд Монголын ойг бүхэлд нь 2018 онд тоолсон статистик дүнгээр зөвхөн унасан өмхөрсөн ой модыг ашиглахад 60 жилийн нөөц байгаа юм. Унасан мод, хэт хөгширсөн модоор шахмал хавтан үйлдвэрлэж ашиглах нь хамгийн тохиромтой хэлбэр юм .Гэвч манай улсад мод модон эдлэл үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийнхээ дөнгөж 45 хувийг л хангаж байна.