Эрчим хүчний салбарт “Ньюком” группийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, цаашдын зорилгын талаар тус компанийн Дэд Бүтцийн Асуудал Эрхэлсэн захирал Д.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр “Салхит”, “Цэций” салхин цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжихэд голлох үүрэгтэй оролцсон юм.
-“Ньюком” групп сэргээгдэх эрчим хүчний салбарт хөл тавьсан үеийг дурсана уу?
-“Ньюком” групп байгуулагдсан цагаасаа урт хугацааны, стратегийн ач холбогдолтой шинэ технологийг эх орондоо нутагшуулах, улс орны хөгжлийн гол тулгуур болсон дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулахыг зорьсон.
Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний (СЭХ) талаар ойлголт мэдлэг дулимаг, дэлхий дахинд дөнгөж хөгжиж эхэлж байсан эл онцлог, шинэ салбарт бид 2000-гаад оны эхээр хөл тавьсан нь учиртай. Дэлхий ертөнцийн чиг хандлага, эрчим хүчний аюулгүй байдал, дэлхийн дулаарал, агаарын бохирдол зэрэг сэдэв ч ид яригдаж байсан үе.
2001 онд АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лаборатори хиймэл дагуулаас авсан мэдээлэлд үндэслээд манай улсын нар, салхины нөөцийн ерөнхий газрын зургийг анх удаа тооцоолж гаргасан юм. “Ньюком” группийн үүсгэн байгуулагчид энэ мэдээлэлтэй танилцсаны дараа “монголчууд бид дандаа хоцорч ард нь үлдэх биш, дэлхийтэй хөл нийлүүлэхгүй гэхэд ойрхон явах ёстой” гэж шийдсэн нь эргэлтийн мөч байсан гэж болно.
Ингээд 2003 онд СЭХ-ний салбарын суурийг тавих, хөрөнгө оруулалт татаж, бизнес хийх нь зөв гэдэг шийдвэр гарсан юм. Үүний дагуу 2004 онд “Клин Энержи” компанийг байгуулж, Монгол Улсад анх удаа мэргэжлийн түвшинд салхины судалгаа хийж эхэлсэн.
Бид судалгааныхаа эцэст Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит уулыг сонгон бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, 2013 оны зургаадугаар сарын 20-нд “Салхит”-ын станцаа ашиглалтад оруулсан. Энэ төслийг найман жил хөгжүүлэх явцадбүх зүйл шинэ байлаа. Бид ч СЭХ-ний салбараа мэдэхгүй, гаднын хөрөнгө оруулагч, хамтрагчид ч Монгол Улсын тухай мэдэхгүй, мөн Засгийн газрын бодлого шийдвэр, хууль журам ч хараахан бэлэн болоогүй байсан үе. Бүхнийг тэгээс эхэлсэн гэж болно.
Монголчууд бид дандаа хоцорч ард нь үлдэх биш, дэлхийтэй хөл нийлүүлэхгүй гэхэд ойрхон явах ёстой
“Салхит” бол бизнесийн төсөл бус Монгол Улсад СЭХ, эрчим хүчний шинэ чиг хандлагыг бий болгож, хууль эрхзүй, гадаад харилцаа, зохицуулалт, техник, технологийн шийдэл, ноу- хау, санхүүжилт гээд олон зүйлийг цоо шинээр оруулж ирсэн анхдагч юм. Ялангуяа Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци, Японы “Сүмитомо” зэрэг хамтрагчид маань СЭХ-ний төслийг яаж хэрэгжүүлдэг, эрчим хүч худалдах болон худалдан авах гэрээ, санхүүгийн модель зэргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургаж, туслалцаа үзүүлснийг онцлох хэрэгтэй.
Мөн ЕСБХБ болон АНУ-ын “Gen-eral Electric” компани энэхүү төслийг бодитоор хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, хөрөнгө оруулагч нь болсон. Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрхэн хувь нэмэр оруулах вэ, цаг уурын өөрчлөлтийн хүндрэлийг даван туулахад яаж тус болох вэ гэдэг нь бидний зорилго байсаар ирлээ. Хэдий бизнесийн байгууллага боловч улс орны урт хугацааны хөгжлийн төлөө эрсдэл хүлээж тус төслийг хэрэгжүүлсэн нь ийм учиртай.
-Сэргээгдэх эрчим хүчний анхдагч хувийн хэвшлийн хувьд цаашдын зорилгын талаар өгүүлвэл?
-Өдгөө Монгол Улсад салхины гурав, нарны зургаан цахилгаан станц үйл ажиллагаа явуулж, эрчим хүч үйлдвэрлэлийн тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Урт хугацаандаа Монгол Улс нар, салхины нөөцөө ашиглаад эрчим хүч экспортлох ёстой гэсэн зорилгоо бид олон жил орхилгүй, тууштай хэрэгжүүлсээр байна. Энэ бол эдийн засгийг солонгоруулах, олон тулгуурт эдийн засагтай болоход нөлөөлөх нэн чухал хүчин зүйл юм.
Манай группийн “Гоби грийн энержи” компани Төв, Дундговь, Өмнөговийн хэд хэдэн сумын 370 мянга орчим га газарт тасралтгүй судалгаа хийж байна. Энэ нь манай дараагийн олон том төслийн суурь болох юм. Жишээлбэл, Салхитын СЦС-ын дэргэд 24 МВт-ын нарны цахилгаан станц хөгжүүлэх зорилго бий. Мөн бид V цахилгаан станцын мега төсөлд Францын “Энжи”, Японы “Сожицү”, БНСУ-ын “Поско” групптэй хамтарсан консорциум байгуулж, долоон жил ажилласан.
Тухайн үед манай улсын эрчим хүчний нөхцөл байдал хүнд, олон сар дулаан хангамж шаардагддаг, нүүрснээс өөр түлшний эх үүсвэргүй, тэгээд ч Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл учир ЕСБХБ, АХБ зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллага сүүлийн нүүрсний станцаа санхүүжүүлэхээр боллоо гэж тайлбарлаж, амлаж байлаа. Гэвч улс төр, Засгийн газрын тодорхойгүй шийдлээс болж эл төсөл зогсонги байдалд орсон юм.
Гэхдээ концессын хүрээнд нүүрсээ өөр хэлбэрээр орлуулах, дулааны том эх үүсвэр шаардлагатай байгаа гэдэг үүднээс цаашид эл төслөө сэргээх бодол бий. Өдгөө эрчим хүчийг төвийн шугам сүлжээнд холбогдоогүй томоохон төслүүд, уул уурхай, ААН байгууллагад хүргэх нь манайх шиг өргөн уудам нутагтай улсад ихээхэн бэрхшээл болж байна.
Тухайлбал, зам тавьж байгаа зуурмагийн үйлдвэр, нөөц нь хэдэн жилийн дараа дуусах жижиг уурхай зэрэг төслүүд бий. Энэ хүндрэлийг шийдэх төрөл бүрийн хосолсон технологууд бий болсоор, арилжааны хэлбэрт шилжиж байгааг бид судалж, манай нөхцөлд нутагшуулах боломжийг эрэлхийлж байна. Сүлжээний бус, бие даасан, жижиг оврын СЭХ-ний шийдлийг санал болгоно гэсэн үг юм. Энэ нь цаашдаа аж үйлдвэр, уул уурхайн үйл ажиллагаа өсөж нэмэгдэх боломжийг олгоно.
Хэдий бизнесийн байгууллага боловч улс орны урт хугацааны хөгжлийн төлөө эрсдэл хүлээж тус төслийг хэрэгжүүлсэн
-“Ньюком” групп уул, уурхайн үйл ажиллагаанд сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх боломжийн талаар судалгаа хийж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Эрчим хүчний салбар бол стратегийн ач холбогдолтой бөгөөд эдийн засгаа түүчээлээд түрүүлж хөгжих ёстой салбар. Гэтэл хэрэглээ өсөж, цахилгаан дулаанд холбогдох шаардлагатай олон төсөл, үйлдвэр баригдаж байгаа ч бид шинэ эх үүсвэр огт барьсангүй. Өөрөөр хэлбэл, салбар маань урд бус ард алхаж, хөгжлөө хойш нь чангаадаг урвуу байдалд орсон. Үүнийг зайлшгүй засах шаардлагатай. Энэ хүрээнд хувийн хэвшлийг түүчээлж тус салбарт орж байсны хувьд “Ньюком” дараагийн төслүүдээ хэрэгжүүлэхэд анхаарч байна.
Ялангуяа энэ цаг үед эрчим хүчний шилжилт олон улсад эрчимтэй явагдаж байна. Шинэ хэлбэрийн буюу нар, салхи, батарей, ус, устөрөгч гээд төрөл бүрийн эх үүсвэрээс олон шинэ технологийн дагуу эрчим хүч гаргаж авах туршилтууд хийгдэн, тус бүр нь арилжааны хэлбэрт орж эхэллээ.
Энэ үүднээс уул уурхайн томоохон төслүүдийг СЭХ-ээр хангах төслийг хамтрагч нартайгаа эхлүүлсэн. Үүнийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх найдвар тээж байна. Эл хүчин чармайлт бодитой хэрэгжих юм бол эрчим хүчийг экспортлох ирээдүйн зорилтод хүрэхэд маань ихээхэн ахиц болно.