Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилгодоо хүрэхэд хүн төрөлхтөнд өчүүхэн бага хугацаа үлдээд байна. Уур амьсгалын хямралыг эргэж буцалтгүй мөхлийн цэгтээ хүрэхээс сэргийлэх хамгийн сүүлчийн боломж нь дэлхийн ихэнх улсын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурал (COP26) юм. 2021 оны арваннэгдүгээр сард болсон тус хурлын үеэр дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагчид эх дэлхийгээ аврахын тулд юу шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Антониу Гутьереш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Энэ хурлын үеэр өгсөн амлалтууддаа улс орнууд хүрч чадахгүй бол улс бүр үндэсний уур амьсгалын төлөвлөгөө, бодлогоо таван жил тутам бус жил бүр, хором бүрт дахин авч үзэх ёстой болно. Малтмал түлшинд хэт донтож байгаа нь хүн төрөлхтнийг сүйрлийн ирмэг рүү түлхэж байна. Үүнийг нэг бол бид зогсооно, эсвэл малтмал түлш биднийг зогсооно гэсэн эрс сонголттой бид туллаа. “Хангалттай” гэж хэлэх цаг одоо ирсэн. Биологийн олон янз байдлыг харгислаж ханалаа. Бид өөрсдийгөө нүүрсхүчлээр устгаж ханалаа. Байгаль дэлхийтэйгээ жорлон шиг харьцаж ханалаа. Улам ихээр шатааж, өрөмдөж, уурхай ухаж ханалаа.
Нарендра Моди Энэтхэгийн Ерөнхий сайд
Хөгжиж буй олон улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт бол хөгжлийн замд нь тохиолдож буй маш том хямрал, тусгаар тогтнолд нь заналхийлж буй том аюул болжээ. Дэлхийгээ аврахын тулд бид өнөөдөр маш чухал шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Хүн төрөлхтөн өдгөө дэлхийг хамарсан цар тахалтай тэмцэж байна. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт хэмээх ноцтой аюул огт алга болоогүй гэдгийг бидэнд дахин сануулж буй цагаа олсон дохио юм.
Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайд
Цэвэр технологийг хамгийн боломжийн үнэтэй, хүртээмжтэй, сонирхол татам сонголт болгосноор бид дэлхий даяар нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулна. Glasgow Breakthroughs нь энэ үйл явдлыг улам эрчимжүүлэх бөгөөд үүний үр дүнд 2030 он гэхэд цэвэр технологи нь зөвхөн нүүрсхүчлийн хийг бууруулах төдийгүй харин илүү олон ажлын байр, ногоон хөгжлийг улс бүрт бий болгох боломжтой юм. Хүн төрөлхтөн уур амьсгалын асуудал дээр маш их цаг алдсаар ирлээ. Сүйрлийн цаг шөнө дундыг заахад нэг минут үлдээд байгаа учир бид яг одоо хөдлөх ёстой.
Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч
Зөвхөн АНУ-д төдийгүй бид бүхний хувьд айсуй гамшигтай хамт гайхалтай боломж ирж буй гэдэгт би итгэж байна. Бид дэлхийн түүхийн эргэлтийн цэг дээр зогсож байна. Бид өөрсдөдөө хөрөнгө оруулж, бүгдэд хүртээмжтэй цэвэр эрчим хүчийг бүтээх чадвартай. Ийн бүтээхдээ бид дэлхий даяар өндөр цалинтай олон сая ажлын байр, боломжуудыг бий болгож, үр хүүхдүүддээ илүү цэвэр агаар үүсгэж, улам өгөөмөр баян далайг, эрүүл цэвэр ойг, эко системийг дэлхий ээждээ зориулан бүтээж чадна. Бид үүнийг хийж чадна, гагцхүү хийх сонголтыг л гаргах ёстой юм. Энэ бол бүхнийг шийдвэрлэх арван гэж эрдэмтэд сануулж байна. Энэ 10 жилийн хугацаанд бид уур амьсгалын хямралын хамгийн ноцтой үр дагавраас зайлсхийх нэн чухал шийдвэрүүдийг гаргах ёстой.
Ши Жиньпин БНХАУ-ын дарга
Зөвхөн үйлдлээр л бид алсын харааг бодитой болгож чадна. Талууд үүрэг амлалтаа биелүүлж, бодитой зорилт, алсын хараа тавьж, улсынхаа нөхцөл байдалд тааруулан чадах бүхнээ хийсэн цагт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж чадна. Хөгжингүй орнууд илүү ихийг хийхээс гадна хөгжиж буй орнуудын хүчин чармайлтад туслахад анхаарах ёстой. Эрчим хүч, таваарын салбар, аж үйлдвэрийн бүтэц, хэрэглээний хэв маягаа өөрчлөн шинэчлэх, ногоон эдийн засаг, нийгэм эдийн засгийг сурталчлах, урагшлах шинэ замыг эрэн хайхад шинжлэх ухаан, технологийн инновацыг ашиглах нь чухал юм.
Симон Кофе Тувалу улсын Гадаад харилцааны сайд
Уур амьсгалын өөрчлөлт, далайн түвшин нэмэгдэж буй нь Тувалу болон далайн түвшнээс доош оршдог олон улсын хувьд үхлийн аюултай, оршин байх эсэхэд нь заналхийлж буй үзэгдэл билээ. Бид живж байна, дэлхийн бусад улсууд ч мөн адил. Өнөөдөр Тувалу улсад мэдрэгдэж байгаа нөлөө 100 жилийн дараа бусад улсад мэдрэгдэх эсэхээс үл хамаарч эл хямрал олон улсыг хамрах болно. Гэхдээ бид дэлхийн улсуудын хүчин чармайлтыг хүлээлгүй ирээдүйгээ өөдрөгөөр харж, манай газар нутаг усанд живэн алга болж, ард иргэд маань нүүж одохыг зүгээр хүлээж суухгүй.
Миа Моттли Барбадосын Ерөнхий сайд
Харах нүдтэй, сонсох чихтэй, мэдрэх зүрхтэй та бүхэнд хандаж хэлэхэд 1.5 хэм бол бидний амьд үлдэхэд шаардлагатай хэмжээ юм. Харин хоёр хэм бол Антигуа ба Барбудагийн ард түмэн, Мальдивын ард түмэн, Доминикан болон Фижигийн ард түмэн, Кени болон Мозамбикийн ард түмэн, мөн Самоа болон Барбадосын ард түмний хувьд цаазын ял юм. Миний ард түмэн үүнийг харж, үүнийг анзаарч байгаа. Дэлхийн хүн амын гуравны нэг нь хөгжин цэцэглэж, гуравны хоёр нь усан доор аюултай нөхцөлд амьдрах юм бол энх тайван, хөгжил цэцэглэлт бий болно гэж үү?