Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” хоёр өдөр үргэлжилж, ногоон хөгжлийн санхүүжилтын системийг хэрхэн бүрэлдүүлэх чиглэлд түлхүү ярилцсан, санаа оноо уралдуулсан арга хэмжээ болж өндөрлөсөн билээ. Тус чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, холбогдох яам, агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан юм.
Энэхүү форумыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын санхүүгийн салбарын оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа нэн чухлыг онцолсон юм. Шинэ хөгжлийн стратеги, бодлогын талаар хэдэн ч хөтөлбөр гаргаж болно. Харин энэ бүхнийг хэрэгжүүлэх санхүүг шийдэхгүй бол нөгөө л цаасан дээр буусан хөгжлийн концепци болоод дуусна гэдгийг тэрбээр сануулаад “Олон улсын байгууллага, хөрөнгө оруулагч, хандивлагч орнууд байгаль орчны асуудалд онцгой анхаарч, ногоон хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгөх болсон энэ цаг үед Монгол Улс ногоон санхүүжилтийг нэмэгдүүлж, тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байна” гэсэн юм.
Мөн “Тэрбум мод” үндэсний аяныг хэрхэн зөв, сайн хэрэгжүүлэх, тэрбум модыг тарихад шаардлагатай санхүүжилтийг хэрхэн босгох талаар холбогдох байгууллагуудын төлөөлөл ярилцаж, шийдэл гаргахыг зорьсон. Нэг тэрбум мод тарихад нийтдээ 11 сая ам.доллар хэрэгтэй гэсэн санхүүгийн тооцоог хийснээ мэргэжилтнүүд “Ногоон санхүүжилт-бүс нутгийн чуулган” дээр танилцууллаа. Энэ мөнгийг төр дангаараа хариуцах ямар ч боломжгүй. Тиймээс, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудыг татан оролцуулахыг төрийн тэргүүнүүд уриалсан билээ. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ” хэмээн онцлон хэлсэн юм.
Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд хамтран “Ногоон санхүүжилтийн үндэсний замын зураг”-ийг батлав. Төрийн холбогдох байгууллагууд цаашид хамтран үндсэн зургаан бүлэг, 25 дэд арга хэмжээг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд ногоон зээлийн багцын нийт зээлд эзлэх хувийг 10 хувьд хүргэх, хүлэмжийн хийг 22.7 хувиар бууруулах боломжийг бүрдүүлэх юм. Харин Монголын банк, санхүүгийн байгууллагуудын удирдлагууд энэхүү замын зураглалыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тухайлбал, Монголбанк ногоон, тогтвортой хөгжлийн таксономитой нийцүүлэн зээлийн мэдээллийг авах, салбарын түвшинд нэгтгэсэн статистик гаргах, олон нийтэд мэдээлэх, мэдээллийг илүү боловсронгуй болгох, ногоон эх үүсвэр татах, ногоон төслүүдэд олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор своп хэлцэл, бусад хэрэгслээр таатай орчин, нөхцөл бүрдүүлэх боломжийг судалж, шийдвэрлэх, санхүүгийн байгууллагуудын тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийг хянах хяналт, үнэлгээний тогтолцоог бий болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой гэлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Тэрбум мод сангийн санхүүжилт, зарцуулалт” хэлэлцүүлэгт оролцож зохицуулалтын салбаруудад байгаль хамгааллын итгэлцлийн сан, үр ашигтай санхүүжилтийн тогтолцоо бий болгох чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан. Одоогийн байдлаар даатгалын компаниуд ногоон даатгалын сан байгуулах, банк бус санхүүгийн байгууллагууд нийт зээлийн хүүгийн орлогын 1000 төгрөг тутмаас нэг төгрөг хандивлах, хандивласан орлогын хэмжээгээр татвараас хөнгөлөх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна. Мөн “банк бус санхүүгийн байгууллагууд мод тарих иргэдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгох боломжуудыг судалж, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх санал санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.
Банк, санхүүгийн салбарынхан дор бүрдээ “Тэрбум мод” аяныг дэмжиж, мод тарихаас гадна, ногоон санхүүжилтын механизмыг бүрдүүлэх, санхүү хөрөнгийг босгоход бодлогоо чиглүүлэн ажиллана гэсэн юм.
- Мөн олон улсын байгууллагуудын төлөөлөл өөрийн орнуудын туршлагаас хуваалцаж, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Хоёр өдөр үргэлжилсэн чуулганы үр дүнг Ерөнхийлөгчийн бодлогын зөвлөх Б.Даваадалай товч дүгнэж, форумын хаалтыг хийсэн юм. Тэрбээр,
- Монгол Улс бүс нутгийн орнууд болон олон улсын байгууллагууд, доноруудтай хамтран уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх бүс нутгийн хэмжээний уриалга гаргалаа.
- Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Үндэсний тогтвортой санхүүгийн замын зураг”-ийг амжилттай батлав.
- Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхэд санхүүгийн салбарынхны санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэв. Банк, санхүүгийн байгууллагууд жил бүр хамгийн багадаа 2-3 тэрбум төгрөгийг энэ санд төвлөрүүлнэ.
- 2021 оны эцсийн байдлаар нийт зээлийн 1.5 хувь буюу 300 гаруй тэрбум төгрөг байгаа банкны салбарын ногоон зээлийн хэмжээг 2030 он гэхэд 10 хувь буюу 5.1 их наяд төгрөг хүргэхээр тогтов.
- Банк бус санхүүгийн салбар ногоон зээлийн багцаа 2030 он гэхэд нийт зээлийн таван хувьд хүргэхээр тохирлоо гээд эдгээр амлалт, ажлыг бодит амьдралд буулгаж ажиллахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн.
- Ийнхүү Монгол Улс ногоон хөгжлийг эрчимтэй хөгжүүлэх замдаа гарлаа. Хувийн хэвшилтэйгээ хамтраад замын зураглалаа ч баталлаа. “Тэрбум мод” аяныг дэмжих үндэсний сан, банк санхүүгийн салбарынхны санаачилсан Ногоон сантай боллоо. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд, компаниуд олон сая мод тарих амлалтууд авч, гарын үсэг зурж баталгаажууллаа. Одоо амлалт, ажлуудаа хэрэгжүүлэх л үлдэж байна.