Ногоон ирээдүйг бүтээгчид
Хүн төрөлхтөн ногоон ирээдүйд тэмүүлж байна. Тийм ч учраас “ногоон” байхын үнэ цэнийг хамгийн түрүүнд ойлгосон улс үндэстэн илүү амар тайван аж төрж, илүү хүчирхэг эдийн засгийг бүтээж байна. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлж буй Скандинавын орнууд үүнийг батлах тод жишээ юм.
Йель болон Колумбын их сургууль Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран Байгаль орчны гүйцэтгэлийн индекс (EPI)-ийг боловсруулж, улс орнуудын байгаль орчны талаарх бодлого, шийдэл бодит амьдралд хэрхэн тусгалаа олж буйг үнэлж дүгнэдэг. Энэ индексээр хамгийн хүчирхэг, хамгийн тогтвортой өсөлт үзүүлж буй орнуудын нэг бол Дани юм. Тус улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж буйгаараа дэлхийд тэргүүлдэг бол хөрш Швед нь хог хаягдлын дахин боловсруулалтаар төгс туршлага хуримтлуулсан. Мөн Дани, Финланд, Нидерланд, Швед зэрэг улс бохир ус цэвэршүүлэх шилдэг технологиороо гайхагддаг.
Харин Азид энэ үзүүлэлтээр Сингапур тэргүүлж буй. Тус улс тогтвортой хөгжлийн бусад үзүүлэлтээр ч манлайлдаг. Мөн Малайз улс ногоон болоод тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөлтөөрөө бусад улсад сайн туршлага болдог. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хөгжлийн төлөвлөлтөд нэгтгэн тусгах нь: Малайз улсын жишээ, туршлага” судалгаанд тус улсын хөгжлийн хөтөлбөр, санхүүжилт оновчтой байдгийн нэг “нууц”-ыг дэлгэжээ. Малайз улс тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тооцоолохдоо симуляцын аргыг ашигладаг байна. Тухайлбал, ногоон өсөлтийг дэмжих бодлого, арга хэмжээ ДНБ-ий өсөлтөд ямар нөлөө үзүүлэхийг урьдчилан тооцдог аж.
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнууд илүү ногоон байгаа нь баян тусмаа ногоон байна уу, эсвэл ногоон тусмаа баян уу гэсэн сонирхолтой асуултыг дагуулж байна. Аливаа улс орны байгаль орчны гүйцэтгэлийн индекс нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ ногоон байхад хэрхэн нөлөөлж буйг нь харуулж болох ч ногоон болсноор тухайн улс ямар их үнэ цэнийг хүртэж буйг давхар харуулдаг. Хөгжиж буй улс орнууд ногоон хөгжлөөр, ногоон эдийн засгаар тэргүүлэх хэмжээнд хүрэх амаргүй ч өнөөгийн нөхцөл байдалд ахиц гаргахыг хичээх нь хамгаас чухал болоод байгаа билээ.
Тогтвортой хөгжил-Дэлхийн тэмүүлэл
Дэлхийн улс орнууд аж үйлдвэржин эдийн засаг нь хурдацтай өсөж, байгалийн баялгийг хайр гамгүй хэрэглэхийн хэрээр хүрээлэн буй орчны асуудал анхаарах татах болсон юм. Үүнийг хүн төрөлхтөн ухамсарлан ойлгож, дэлхий нийтээрээ тогтвортой хөгжилд тэмүүлээд цөөнгүй жилийг үджээ.
“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг анх 2012 онд Бразилийн Рио-Де-Жанейро хотод болсон НҮБ-ын бага хурлын үеэр санаачилсан түүхтэй. Тогтвортой хөгжлийн зорилго нь 2015 онд хэрэгжиж дууссан “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70-р чуулганаар тогтвортой хөгжилд тэмүүлэх 17 зорилго, 169 зорилтыг баталснаар 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн.
“Тогтвортой хөгжил-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Дэлхийн унаган төрхийг хадгалан нийгэм, эдийн засгийн хөгжилд тэмүүлэх зорилгод улс орнуудыг нэгтгэж буй учраас тогтвортой хөгжлийн зорилтуудыг ногоон хөгжилд түүчээлэх хамгийн том хөтөч гэвэл буруудахгүй.
НҮБ, Дэлхийн банк, олон улсын төрийн бус байгууллагуудын хамтран боловсруулсан “Тогтвортой хөгжил-2021” тайланд дэлхий дахин тогтвортой хөгжилд хэрхэн тэмүүлж буйг танилцуулжээ. Тус судалгаан дахь тогтвортой хөгжлийн зорилтын индексийг авч үзвэл мөн л Финланд, Швед, Дани, Герман улсууд эхэнд бичигджээ. Жагсаалтыг тэргүүлсэн Финланд 85.9 оноо авсан бол манай улс 63.8 оноогоор 106 дугаарт эрэмбэлэгдсэн. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх үзүүлэлтээр манай улстай ойролцоо үзүүлэлттэй яваа орнууд нь Ирак, Өмнөд Африк, Бангладеш, Лаос гэх мэт улсууд байна.
Харин дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ 76 оноогоор 32-т эрэмбэлэгдсэн бол Хятад улс 72.1 оноогоор 57-д оржээ. Мөн социалист систем нуран унахад Монгол Улстай ижил гараанаас хөдөлсөн хэмээн тодотгодог Казахстан улс 59-д, Беларусь улс 78.8 оноогоор 165 орноос 24-т эрэмбэлэгджээ.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх тал дээр тэргүүлж буй улс орнууд нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) -ын гишүүн орнууд байгаа нь анхаарал татаж байна. Тус байгууллагын гишүүн орнуудын хувьд, Хорватаас бусад нь бүгд эхний 20-д орж байгаа юм. Гэвч эдгээр улс ч тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ сорилттой тулгардаг, дор хаяж нэг зорилт нь “улаан” оноотой байгааг тайланд дурджээ.
Өндөр орлоготой орнууд нь тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл болон биологийн төрөл зүйл, амьтан ургамлыг хамгаалах чиглэлд хангалттай ахиц дэвшил гаргахгүй байгаа аж. Харин бага орлоготой орнууд нь нэн ядуурлыг арилгах, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулахад ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд манай улсад ч мөн ийм сорилт тулгарч буй. Ядуурлыг бууруулах, уян хатан дэд бүтэц бий болгох зорилтын хэрэгжилт 50 хувьтай байгаа бол үйлдвэрлэлийн бүтцийг бүрдүүлэх зорилт ердөө 15.3 хувьтай байна.
Түүнчлэн хүрээлэн буй орчинтой холбоотой зорилтууд хангалтгүй хэрэгжиж байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Дэлхийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, ойг тогтвортой ашиглах, цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг сэргээх, биологийн олон янз байдлыг хамгаалах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зорилтууд ердөө 35-38 хувийн биелэлттэй байна. Гэтэл Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж дуусах хугацаа бараг талдаа ороод байгааг мартаж болохгүй. Хэрэв манай улс тууштай арга хэмжээ авахгүй бол үлдэж буй найман жилийн хугацаанд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй. Тиймээс Монгол Улс олон улсын туршлагаас суралцаж, шийдтэй алхам хийх цаг нэгэнт иржээ.