“Ногоон хөгжил” сэтгүүлийн анхны дугаартаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг урилаа. Шинэхэн томилогдсон сайд байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлыг хэрхэн харж байгаа талаар бид ярилцлаа.
-Та БОАЖ-ын сайдаар ажиллаад гурван сар болж байна. Богино хугацаа ч яамнаас олон хурал семинар хийж, бодлогын асуудлыг нэлээд ярьж хэлэлцэж байна. Монголын эдийн засгийн чуулганаар хэлэлцэх Шинэ сэргэлтийн зургаан бодлогын нэг нь байгаль орчны салбар болсон. Мөн бүс нутгийн чуулганыг зохион байгуулаад амжлаа. Энэ бүгдээс бодлого, үйл ажиллагааг хэрхэн харж байна вэ?
-Байгаль орчны бодлогыг зангиддаг манай яамны ажлын үр дүн бол өнөөгийн байгаа бодит байдлаар илэрхийлэгдэнэ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудал байна. Монгол оронд газрын доройтол 76,9 хувьд хүрлээ. Ширгэж, алга болж буй гол, мөрний тоо, сэргээгдэж буй гол мөрний тооноос хоёр дахин их байна.
Бид мөхлийн ийм ирмэг рүү яагаад явчихав гэдгээ сайн бодох ёстой. Өнгөрсөн 32 жилд эдийн засаг гэж хэт улайрснаас байгаль орчноо хаясан байна. Тиймээс өнөөдөр мод байхгүй болсон, модгүй болохоор ус нь байхгүй, усгүй болохоор ан амьтан байхгүй, ан амьтан байхгүй тул тухайн орон нутагт амьдардаг иргэдгүй болжээ. Ингээд доройтолд нэрвэгдсэн хий хоосон газар л үлдэж байна. Хятад, Япон, Солонгос улсуудаас шар шороон шуургатай холбоотой асуудал тавьсаар ирснийг бид мэднэ. Энэ шар шороон шуургаар жилдээ маш их хэмжээний хөрсийг алдаж байна. Бид одоо яаралтай ямар арга хэмжээ авах ёстой, шийдэл гаргах шаардлагатай. Өнөөдөр манай гол, мөрний 60 хувь нь гадагшаа ОХУ, Хятад улс руу урсан гардаг. Гадагшаа урсгалтай гол, мөрнөө дотооддоо хэрхэн шингээн авч үлдэх вэ. Бид усны салбарт “Хөх морь” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол орны газар нутаг дээрх гол, мөрнүүдийг түшиглээд 10 усан сан байгуулах гэх мэт ажлуудыг хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацааныхаа 50-иас дээш хувийг байгаль орчинд зарцуулна гэж мэдэгдсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сэргэлтийн хүрээнд ногоон хөгжлийн сэргэлтийг бодлогын хэмжээнд цогцоор нь оруулж ирж байгаа. Аж үйлдвэрийн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг оруулсан. Төр, засгаас байгаль орчныг ийн анхаарч, дэмжиж, анхаарлыг бүс нутгийн хэмжээнд аваад ирж байна. НҮБ, олон улсын байгууллагууд, бүс нутгийн орнууд Монгол Улс байгаль орчиндоо төрийнхөө түвшинд анхаарч эхэллээ гэдгийг харж байна.
УИХ шаардлагатай хуулийн өөрчлөлтүүдийг яаралтай хийе гэж байна. Ойн тухай, Усны тухай, байгаль орчны тухай гэх мэт хуульд шинэ сэргэлтийн хүрээнд ямар өөрчлөлт хийх ёстой буйгаа оруулаад ир гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байх жишээтэй. Төрийн гурван өндөрлөгүүдийн энэ дэмжлэг БОАЖЯ-нд том хүч өгч байна. Харин одоо ямар үр дүнд хүрэх ёстой вэ гэдгийг стратегийн түвшинд гаргаж ирж ажиллах шаардлагатай. 2030 он гэхэд бид маш том ирээдүйг хүлээж байна. “Тэрбум мод” төслийг хэрэгжүүлснээр ус, ой мод, олон янз байдлын ургамал, эмийн ургамал, ан амьтдын асуудлыг шийднэ. Ер нь байгаль орчны салбарт тулгарсан олон асуудал шийдэгдэнэ гэж харж байгаа.
-“Ногоон санхүүжилт-бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулж, хоёр өдрийн турш байгаль орчинд ээлтэй хөгжлийг ярилцлаа. Ялангуяа санхүүжилт, тэр дундаа ногоон санхүүжилтийн асуудлыг онцлон ярьсан. Санхүүгийн механизмын талаар та тодруулна уу?
-Хувийн хэвшил, банк санхүүгийн салбарын аж ахуйн нэгжүүд санаачилга гаргаад “Ногоон сан”-г байгуулсан. Банк, банк бус санхүүгийнхан, Монгол банк, даатгалын корпораци гээд олон байгууллага үүнд нэгдлээ. Төрийн бүтцэд буй, ЖДҮ сан, ХАА-г дэмжих сан гэх мэт сангуудын хэлбэрийг төр яаж өөрчлөх юм, ямар менежмент хийх вэ гэсэн асуудлаар ажиллаж байна. Энэ цаг хугацаанд хувийн хэвшлүүд нэгдэн тус санг санаачлан байгуулсан нь зөв зүйтэй санаачилга болсон. Гагцхүү зөв менежмент хийх ёстой. Ногоон сан нь мод үржүүлэг, тарьц суулгац, энэ чиглэлд ажилладаг аж ахуйн нэгжүүдийн төсөв мөнгийг шийдэх санхүүгийн механизм юм. Харин бодлогын түвшинд ямар асуудлыг шийдэх талаар сайн судлах шаардлагатай.
Мод үржүүлэг болон энэ чиглэлд ажиллаж буй аж ахуйн нэгж, иргэд биднээс буцалтгүй тусламж, дэмжлэг хүсээгүй. Тэд хөнгөлөлттэй зээл, техник технологи, инновацыг хүсэж байна. Тэгвэл төр хөнгөлөлттэй зээлээр техник технологи авах боломжийг нь бүрдүүлээд өгье гэж байгаа юм. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөв хэлбэр ингэж явахаар харагдаж байна. Төр бол зөвхөн бодлогын хүрээнд дэмжиж, ойн, усны стратегиудаа гаргая. Газартай холбоотой асуудлыг шийдэж, эрх зүйн орчныг бүрдүүлье. Тухайн газарт мод тарих гэж буй бол газрын төлбөрөөс нь чөлөөлье. Харин хувийн хэвшил нь хувийн хэвшилтэйгээ харилцаад явах нөхцөлийг бүрдүүлнэ.
Олон нийтийн байгууллага буюу ард иргэд байгаа. Бид төр, хувийн хэвшлийн түншлэл гэж ярихаараа олон нийтээ хаячихдаг. Олон нийт, нөгөө талдаа мэргэжлийн холбоодын оролцоо чухал. Мэргэжлийн холбоодуудтайгаа хэрхэн яаж хамтран ажиллах вэ. Мэргэжлийн холбоодын тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Тэд маш их хүлээлттэй байна. Тэгэхээр төр бодлогоо гаргая, хувийн хэвшил нь хувийн хэвшилтэйгээ харилцах механизмыг бүрдүүлж өгье. Олон нийттэй харилцах харилцаа дээр бодлогын дэмжлэг үзүүлье.
Шинэ сэргэлт бол аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн сэргэлт шүү гэж Ерөнхий сайд хэлж байгаа. Ингэснээр Монголын эдийн засаг сэргэнэ гэж үзэж байгаа юм.
-Та 17 аймгаар явж, байгаль орчны бодит байдалтай танилцсан. Бодит байдал ямар байна вэ?
-Газрын доройтол зарим аймагт 97, 98 хувьд хүрчээ. Цөөн аймаг 75, 78 хувьтай байна. Энэ бол маш ноцтой асуудал. Газрын доройтол, хөрсний бохирдол, цөлжилт, усны нөөцийн хомсдол манайд улсад анхаарлын түвшнээс дээгүүр байна. Монгол орны нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжсөн. Зарим аймагт газрын доройтол 98 хувьд хүрч, шар шороон шуургаар маш их хэмжээний хөрсөө алдаж байна.
Өнгөрсөн хугацаанд байгаль орчны салбарын бодлого ямар явж ирснийг байгаль орчин өөрөө дүгнэлт хийлгэчихэж байгаа юм. Хэн нэгэн хувь хүний тухай яримааргүй байна. 17 аймгаар явлаа. Байгаль орчны салбар унасан, салбарын ажиллагсад, албан хаагчдын итгэл үнэмшил нурж, салбартаа итгэхээ больсон байна. Тэд сэргэлт ирэхийг хүлээж байна.
Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн салбарыг, мэргэжилтнүүдийг, ажиллагсдыг сэрээж байгаа нь үнэн. Байгаль орчноо, ан амьтнаа хамгаалах ёстой гэсэн ухамсрыг үндэсний хэмжээнд сэрээж байна. Бид хөгжил гэдгийг эдийн засгаар хараад эдийн засгийн тооцоолол дээр ажиллаж амьдраад иржээ. Байгаль хамгааллын асуудал энэ 32 жилд хаягдаж. Өсгөж үржүүлэх, дэмжих бодлого бүр байхгүй. Байгаль хамгааллыг мөн зэрэгцээ түвшинд дэмжих талд төр бодлогоо гаргах ёстой. Хөгжингүй орнуудад улсын төсвийнхөө тодорхой хувийг байгаль орчинд зарцуулж, бид ногоон байгууламж, хүчилтөрөгчгүй орчинд амьдрахгүй гэж байна.
Дэлхийн дулаарал Монголд хамгийн хурдацтай явж байгаа. ДЭМБ-ын гаргасан тооцоогоор дэлхийн дулаарал 1.5 хэмээс дээш байж болохгүй. Үүнээс дээш гарвал сүйрлийн хэмжээнд очно гэдгийг хэлсэн. Гэтэл манай улсад 2.2 хэмээр дулаарчихаад байна. Бусад улс орноос 0,7-1.0 хэмээр илүү.
-Улаан гэрэл хэдийн асчихсан гэсэн үг үү?
-Улаан гэрэл байтугай болчихоод байна.
-Бид дулаарал 2.2 хэмээр хурдацтай явж буйг тийм ч хүндээр хүлээн авахгүй байгаа шүү дээ.
-Өнгөрсөн хугацааны шүүмжлэлээс илүүтэй ирээдүйгээ харж ажиллах шаардлагатай байна. 2030 он гэхэд энэ найман жилийг өөрөөр харж, шинэчлэл хийж, үр дүнд хүрэх ёстой. Эхнээсээ хийх ажлууд тодорхой болсон. Тухайлбал, ой модоо анхаараад авлаа. Одоо усны асуудлыг ярина. Бид саяхан Горхи Тэрэлжийн гол дээр очиж ажилласан юм. Тэрэлжийн гол Туул гол руу нийлдэг. Гэтэл битүү бие засах газар, бохирдсон зүйлс байна. Энэ бохирдол Туул гол руу орж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Улиастайн гол мөн Туул гол руу нийлдэг. Энд битүү хог байна. Сүүлийн 10, 20 жилийн хогийг хэн ч цэвэрлээгүй, хэн ч анхаараагүй. Биокомбинатын орчим битүү хог, баас, шээсээр бохирдсон байна.
Малын бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотой хөрсний доройтол маш их байна. Энд төрийн бодлогын уялдаа, зохистой харьцаа алдагдсан гэж хэлж болно. Төрөөс малаа үржүүлбэл баян амьдарна гэсэн бодлого хэсэг явсан. Үр дүнд ч хүрсэн. Нөгөө талдаа байгальдаа хор хөнөөл үүсгэчихсэн. Одоо малчид малдаа ямар өвс тэжээл өгөх вэ гээд хайж байна шүү дээ. Бэлчээргүйн улмаас оторлож амьдарч буй олон малчин бий. Хөрсний доройтлыг яаж шийдэх вэ гэдгээ бодох цаг бас иржээ.
Бид богино хугацаанд олон аймгаар, байгалийн цогцолборт, дархан цаазат газраар явснаар хүмүүсийн яриад буй байгалийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, газрын доройтол, усны хомсдлыг газар дээр нь очиж харлаа. Манай орны өмнө зүгт олон уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг. Тэнд газрын гүний усыг ашиглаж байна. Монгол Улсын усны 98 хувийг газрын гадаргын ус бүрдүүлдэг. Хоёр хувь нь гүний ус. Гэтэл энэ хоёрхон хувиа уул уурхайдаа ашигладаг. Гүний усны нөхөн сэргэлт маш удаан удаан, гадаргынх хурдацтай явагддаг. Тэгэхээр Монгол Улс хилийн чанад руу урсаад гардаг 60 хувийг эзэлдэг усаа хэрхэн ашиглах, хөдөө амьдарч буй хүн, малаа усаар хэрхэн тэтгэх вэ гэсэн асуудлуудад төрийн бодлогоо чиглүүлж ажиллах шаардлагатай юм.
Бид хамгийн түрүүнд ой, усны сэргэлтийг хийх зорилготой стратеги төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын төсөл хөтөлбөрөөр орж ирсэн мөнгөнүүд эдийн засгийн тооцоололгүй, зураг төсөлгүй учраас үр дүнгүй зарцуулагджээ. Үр дүн гарсан бол өнөөдөр байгаль орчин ийм түвшинд хүрэхгүй.
Олон улсын байгууллагуудын Монголд итгэх итгэл буурсан байна. Ямар ч зураг, төсөлгүй мөртлөө чадна гээд мөнгийг нь авчихдаг. Эргээд таван жилийн дараа харахаар үр дүн байхгүй байдаг. Манайд буй олон улсын байгууллагын төлөөлөгчид төвдөө очоод тайлангаа тавихаар үр дүн гараагүй учир уначихдаг. Үүнээс болоод Монгол Улсад олгох санхүүжилт зогсоход хүрч байна. Бид нэг дэлхий дээр амьдарч байгаа. Монгол Улс ганцаараа явахгүй. Тиймээс л ОХУ, Хятад, Япон, Солонгос цаашлаад Европын орнууд манай байгаль орчинд санаа зовж байна.
-Ногоон хөгжлийг бий болгоход олон нийт хэрхэн оролцох боломжтой вэ. Хайхрамжгүй, бидэнд хамаагүй гэсэн мэт хандлагатай хүмүүс бий.
-Дэлхий дахинаараа хайхрамжгүй байгаа. Зөвхөн монголчууд ч биш. Зорьсон үр дүнд хүрэхийн тулд эдийн засгийн хөшүүргүүдийг сайн ашиглах ёстой. Ногоон санхүүжилт, бүс нутгийн чуулганаар энэ талаар ярьсан. Хөдлөх хөрөнгийг үнэлье. Хашаатай айл байлаа гэхэд байшинг нь, газрыг нь, машиныг нь үнэлчих. Дээр нь тарьсан модыг нь үнэлчихье. Үнэлгээний систем хийнэ гэсэн үг. Энэ нь иргэнд мод тарих хөшүүрэг болох юм. Тарьж, ургуулсан мод бүрээр нь урамшуулал олгоё.
Төрөөс орчны бохирдлыг бууруулахад их хэмжээний мөнгө зарцуулдаг. Хашаандаа мод ургуулснаар орчны бохирдлоос салаад эхэлнэ. Үүнийг төр урамшуулдаг байя. Татвар төлөгчдийн тэр их мөнгийг иргэдийн хашаа руу чиглүүлье. Хөдөөгүүр томилолтоор явж байхад шинээр мэндэлсэн хүүхдэд мод тарья, мөн бурхан болоочид хүндлэл үзүүлж мод тарья гэдэг санаа хэлж байсан. Баянхонгор аймагт энэ хөдөлгөөн эхэлчихэж. Бид эдийн засгийн хөшүүргийг зөв талаас нь сайн бодож гаргалгааг гаргах ёстой.
-Олон нийт, ард иргэдийн ногоон хөгжлийн сэтгэлгээг өөрчлөх тухай та юу хэлэх вэ?
-Монголчууд 1639 оноос суурьшиж эхэлсэн гэдэг. Нийслэл хотын 360 гаруй жилийн түүхт ойн тухай ярьдаг. Гэтэл бид өнөөдөр хотжоогүй л байна. Яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад сургалтуудад анхаарч ажиллаж байна. Хүүхдүүдийг виртаул орчинд ой мод, шувуудын жиргээ, ус, байгалиа хэрхэн яаж хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл өгч байна. Экологийн боловсролын сургалтын бодлогыг боловсролын системд албан ёсоор оруулах хэрэгтэй. Хүүхдүүдийнх нь эко боловсролд ихэд анхаарснаар эргээд хүүхдүүд аав ээждаа, ах эгчдээ нөлөөлнө гэж үзэж буй юм.
“Аав аа, ээж ээ байгальд битгий хог хаяач, ус битгий үрээч, ан амьтныг хайрлаач” гээд хэлэхээр эцэг эхчүүд өөрөөр хүлээж авна гэж харж байна. Томчуудыг ухамсартай гээд хаячихаар байгаль бохирдуулагчид болж хувирч байна. Гудманд шүлсээ хаяж, байгальд зугаалаад хогоо хаяна, голд машин тэргээ угаана. Ухамсаргүй иргэдийн тоо маш их байна. Төрөөс мөн л зөв бодлого боловсруулах ёстой. Боловсролоос илүүтэй эдийн засгийн хөшүүрэг нь хамаагүй хурдан болчихоод байна. Мод нь үнэлэгдэх системд орчихвол зээлийн хэмжээ ихэснэ гэдэг ч юм уу. Түүнээс сургалтаар нүдээд, телевизээр яриад үр дүн хурдан гарахад хүнд. Өнөөдөр бид нийтийн тээврийг соёлжуулах гээд их үзлээ. Үр дүн ямар буйг бид бүгдээрээ мэднэ.
-Ногоон сэргэлтийн бодлогыг зөвхөн БОАЖЯ ярих бус Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд төрийн бүтцээрээ хүчтэй ярьж эхэлсэн нь одоо л нэг үр дүнд хүрч магадгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрж буй талаар байгаль орчны салбарынхан ярьж байна.
-Ногоон сэргэлтийн бодлогыг хийх ёстой хүмүүс нь бид гэж бодож байна. Тиймээс богино хугацаанд олон ажил хийхийг зорьж байна. Мод яагаад тарих ёстой, модыг яагаад ургуулж, үржүүлэх ёстой талаар, модтой ажил амьдралаа холбосон, энэ салбарт ажилладаг аж ахуй нэгж, хүмүүсийг хэрхэн яаж дэмжиж ажиллах талаар ярьж бодлого гаргахаар явж байна. Дэлхий дахинаа 1.6 тэрбум хүн модноос хамааралтайгаар амьдардаг гэсэн тоо бий. Монголд тодорхой тоо алга. Бид мод үржүүлэг, суулгац, мод тарихтай холбоотой 7000 ажлын байр зарлалаа. Монгол Улсын түүхэнд ийм тооны ажлын байр зарлаж байгаагүй. Магадгүй нэг намын тогтолцооны системтэй холбоотойгоор ажил маш хурдан өрнөж байна.
Нэг намын тогтолцоог хуучин эзлэн түрэмгийлэл, ноёрхлын өнцгөөс хардаг байсан бол одоо өөр болсон. Тухайлбал, муу сөрөг бүхнийг илчлэн гаргаж ирж эхэллээ. ЖДҮ, Хөгжлийн банкны асуудал байна. Одоо бид Богд Хан уул, тусгай хамгаалалттай газар нутаг дээр хэн ямар газар авсан, хэн газрын наймаа хууль бусаар эрхэлж буй талаарх мэдээллийг ил тод зарлах гэж байна. Хоёрт, бодлого институцийн түвшинд сайн хэрэгждэг юм байна гэдгийг харуулж байна. Ерөнхийлөгч нэг хууль санаачлангуут Засгийн газар нь блоколдоггүй, засгийн газрын санаачилгыг Ерөнхийлөгч, Их хурал нь сөрөөд байдаггүй гэдэг ч юм уу. Харин ч Ерөнхийлөгчийнхөө ажлыг засаг нь, УИХ нь дэмждэг, засгаа Ерөнхийлөгч, Их хурал нь дэмждэг гээд энэ гурвалсан систем ажиллаад явчихлаа. Машин асахын өмнөх араа эргэчихлээ. Арааг байнгын эргэлттэй байлгахын тулд түлш маслоор тэтгэж байх ёстой. Тэр түлш нь БОАЖЯ. Санаачлах нэг хэрэг. Санаачлаад орхих уу, хэрэгжүүлэх үү гэдэг асуудал тусдаа юм.
Тэгэхээр бид Ерөнхийлөгч, Их хурал, засгийн энэ том дэмжлэгийг авч байгаа тул үр дүн гаргах л шаардлагатай. Хийх ажил л үлдлээ.
Ногоон санхүүжилтын хурал дээр би нэг л зүйлийг хэлсэн. “Хувийн хэвшлийнхэн 88,6 сая мод тарьж ургуулна гээд гэрээ байгууллаа. Жилдээ гурван тэрбум төгрөгийн санхүүжилт хийх тухай Монголбанк хэллээ. Ногоон карт гаргах санхүүжилтийн системээ тохирчихлоо. Өнөөдрийн арга хэмжээ сайхан боллоо. Маргаашнаас БОАЖ-ын сайд танай байгууллагуудын хаалгыг тогшино. Хаалга нээхэд чинь Сайд зогсч байвал та битгий гайхаарай. Та бүхний амлалтын хэрэгжилтийг гүйцэтгүүлэхийн тулд бид очиж байгаа юм шүү. Үүдээ нээгээд биднийг угтаарай” гэж хэлсэн. Бид үнэндээ өнгөрсөн 32 жилд ярьж ирсэн бол ирээдүйн 32 жилд хийж явмаар байна.
-Монгол Улсад үнэгүйдсэн нэг хэсэг хүмүүс бол байгаль хамгаалагчид. Тэдний үгийг тоож сонсдоггүй, үгэнд нь ч ордоггүй талаар байгаль хамгаалагчид ярьдаг. Харин танай яам байгаль хамгаалагчдын форумыг зохион байгуулж, байгаль хамгаалагчдыг сэрээнэ, бас хамгаална гэсэн. Байгаль хамгаалагчдыг хэрхэн сэрээж, хамгаалах вэ?
-Байгаль хамгаалагч гэж байгаль орчны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх үүрэг бүхий торгох, хууль бус эд хөрөнгийг хураах эрхтэй хүмүүсийг хэлнэ. 2017 оноос Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд улсын байцаагч шийтгэврийн хуудас бичиж байгаа. Хууль бус мод бэлтгэсэн л бол хариуцлага, мөнгөн торгуулийг тэд шууд бичих эрхтэй. Зөрчил шалган нэвтрүүлэх хуулиар прокорурын хяналт дор ийм системээр явчихаж байгаа юм.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 1300 гаруй байгаль хамгаалагч байдаг гэсэн тоо бий. Цаашдаа идэвхтэн байгаль хамгаалагчдын тоог нэмэх бодлого барьж ажиллана. Энэ хүрээнд 100 идэвхтэн хамгаалагчид эрх олгосон. Тухайлбал, жуулчны баазууд байна. “Та бүхэн ойр орчмын газраа өөрсдөө хяна. Хянаснаар байгаль орчин сүйдэхгүй. Байгаль орчин сүйдэхгүй бол танай жуулчны баазын үйл ажиллагаа сайн явж ашиг орлоготой байхын суурь болно. Хамтран ажиллая”. Идэвхтэн байгаль хамгаалагчдыг ийм байдлаар ажиллуулаад ирвэл тэдэнд зориулсан төсөв хуваарилах шаардлагагүй болно.
Цаашдаа байгаль хамгаалагчийг төрөөс заавал цалинжуулна гэхээс илүүтэй зэрэгцээ түвшинд идэвхтэн байгаль хамгаалагчийн эрхийг олгож, олон нийтийн оролцоо, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг тэлэхэд анхаарч ажиллана. Байгаль хамгаалагч илүү мэргэжлийн түвшинд, идэвхтэн байгаль хамгаалагчдийг чиглүүлдэг, систем дээрээ ажиллуулдаг байхад анхаарна. Түүнээс хүн бүрийг байгаль хамгаалагчаар авч ажиллуулна гэж байхгүй.
-Та “Байгаль хамгаалагчид бол Байгаль орчны яам гэж ойлгох хэрэгтэй” гэж хэлсэн байсан.
-Хууль бус ан агнуур хийсэн, хууль бусаар газар эзэмшиж байгаа хүмүүс байгаль хамгаалагчийг хэн ч биш гэж үздэг. Танай дарга, сайд, УИХ-ын гишүүнтэй ярьчихна. Чи бол хэн ч биш гэсэн хандлагаар харьцдаг. Удирдах албан тушаалтнууд нь хууль бус ажиллагааг зогсоосон байгаль хамгаалагчийнхаа талд биш, хууль зөрчигчдийн талд гарчихаар байгаль хамгаалагчийн нэр хүнд уначихаж байгаа юм. Тиймээс өнөөдрөөс байгаль хамгаалагчид бол Монгол Улсын БОАЖЯ шүү, яамны Сайд гэж хүлээж аваарай гэж хэлж байгаа юм. Тухайлбал, саяхан Богдхан дархан цаазат газрын Хүүшийн аманд газар ухаж буй хүмүүс дээр эмэгтэй байгаль хамгаалагч очиход хүн гэж тоогоогүй байсан. Бид эрхийг нь шууд цуцалсан. Цаашдаа байгаль хамгаалагчийг хүн гэж тоогоогүй бүх байгууллагын эрхийг бид цуцална. Ингэж байж салбар хүчтэй байна. Салбар хүчтэй байхын тулд анхан шатны нэгжээ бэхжүүлэх, байгаль хамгаалагчид, албан ажилтнуудаа хүчтэй болгох ёстой. Бид бодлогоор л хангах учиртай.
Байгаль хамгаалагчтай зүй бусаар харьсан бүх байгууллага, хүнтэй хариуцлага тооцно, төрийн албан тушаалтнуудтай ч хариуцлага ярьж шүүхийн процесс үүсгэнэ. Ингэж байж хууль хэрэгжүүлж ажиллана. Байгаль хамгаалагчидтай хүндлэлгүй харьцсан бүх байгууллага, хүмүүсийн хаалгыг тогшино.
-Байгаль орчны салбарын Сайдын хувьд ногоон хөгжил ойлголтын талаар юу хэлэх вэ?
-Ногоон санхүүжилт гэхээр хүмүүс ямар учиртай юм гэж их асуусан. Байгаль орчин, ногоон хөгжил рүү чиглэсэн санхүүжилтийг хэлж байгаа юм. Ногоон гэдэг нь өөрөө байгальд ээлтэй байх гэсэн утга яваад байна. Тухайлбал, байгальд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ гэх мэт. Банк санхүүгийн салбарт ногоон ойлголт нэвтэрлээ. Ногоон карт гаргачихлаа. Банкны салбар үйлчилгээ үзүүлэх тутамд тодорхой хэмжээний орлого “Ногоон сан” руу орж байх механизмыг бүрдүүлсэн.
Бид ногооныг хол төсөөлөх хэрэггүй. Байгаль орчин дээр гэхэд ногоон байх тусам хүн илүү амар амгалан, ан амьтан амар тайван байна. Ногоон биш байх тусмаа хүн ард нь зовж, байгаль дэлхий ширүүн болж байна. Эдийн засгийн үр өгөөж талаас гэвэл тэрбум модны 200 сая нь жимс, жимсгэний мод байх юм. Иргэд хашаандаа жимс, жимсгэний мод тарьж ургуулснаар өөрийн хэрэгцээг хангаад зогсохгүй бусдад худалдаалах боломжтой болно. Энэ нь эргээд тоос тоосонцрыг дарах, орчны бохирдлыг бууруулах, амьдрах орчныг сайжруулах боломж бүрдэж байгаа юм.
-Та маш их хэл амтай яамыг удирдаж байгаа. Бахархалтай сайхан санагдсан зүйл юу байсан бол?
-Хувь хүний сэтгэгдэл гэхээс илүүтэй БОАЖ-ын удирдлагаар (Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга) гурван залуу зэрэг томилогдож ирээд нэг зүгт харж, эрч хүчтэй ажиллаж эхэлсэн. Энэ давуу тал болсон. Манай салбарт дэлхийн дулаарлын эсрэг, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гэх мэт олон улсын олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Гол нь үр дүн гаргаж ажиллах ёстой.
Бид дэлхий дахинаа ямар нэг дипломат харилцаа, протоколгүй харилцах бүрэн боломжтой. Гадаад харилцааны яам олон улстай харилцахад заавал дипломат харилцаа шаардагдана. Тэгвэл ногоон дэлхий, байгаль хамгаалал гэхээр ямар ч хязгаарлалт байхгүй. 20 гаруй орны Элчин сайдтай уулзахад байгаль дэлхийн асуудал дээр бүгд санал нэгдэж чаддаг. Монголын ус тасарвал хөрш орнуудын ус тасарна, Монгол шар шорооны асуудлаа шийдэхгүй бол бүс нутгийн хэмжээнд цөлжилт явна гэдэг ч юм уу.
Аялал жуулчлал байна. Хүн танин мэдэхүйн төлөө жуулчилдаг. Тэгвэл эх орны сайхан байгалиа харуулах, нөгөө талдаа байгалиа хамгаалах, олон нийтэд бодлогоо ойлгуулахад маш дөхөм гэсэн давуу талууд бидэнд байна.
Мөн байгаль хамгаалагчид гэж үнэхээр сэтгэл зүрхээ өгч ажилладаг хүмүүс бий. Сарын 500 мянган төгрөгийн цалинтай. Жилийн 365 хоногийн 270, 280 хоногт хээр гадаа явдаг. Тэгсэн мөртлөө цалингаа хэзээ ч голж байгаагүй. Салбарын төлөө зүрх сэтгэлээ өгөөд, талхны мөнгөө хуваагаад ан амьтанд, өвсөнд өгөх гээд явдаг хүмүүс. Энэ бол бидний давуу тал. Энэ давуу талуудаа ашиглан өмнөө тавьсан том зорилгууд, ногоон сэргэлтийн төлөө одоо ажиллах л үлдээд байна.